"Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарын томилох асуудлыг яаралтай шийдэх нь зүйтэй"

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурлаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төсөл, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, зарим оронд Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бүлгийн гишүүд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслийг дэмжээд явах нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, дэмжинэ гэж саналаа нэгтгэсэн. Энэ хуулийн төсөл нь ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм.

Гуравдугаарт, дөрвөн Элчин сайдыг томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд оруулж ирсэн. Үүнд, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Энхцэцэгийг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Тулгыг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Я.Ариунболд нарыг дэмжээд явах нь зүйтэй гэж үзсэн.

Тайландын Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Австрали улсад суугаа Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилох асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлээгүй. Тиймээс нэн яаралтай хэлэлцээд явах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзэж байна” гэв.

- АТГ-ын даргыг томилох асуудлыг УИХ-аар оруулахгүй байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбарлаж байна. Байнгын хороогоор яагаад хэлэлцээгүй юм бэ?

- Хууль зөрчсөн асуудлыг УИХ-аар хэлэлцэх юм бол УИХ өөрөө хууль зөрчсөн болно. Цаашлаад Үндсэн хуулийн цэц дээр очоод энэ асуудал унана. Тиймээс Хууль зүйн байнгын хороо хууль зөрчихгүй гэж үзсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ