АН: Засгийн газар хоёр сайддаа хариуцлага тооцохгүй байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна.
УИХ Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хүүхдийн мөнгөтэй холбоотой төслийг нэгтгэхээр ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсэг шийдвэр гаргахдаа Ардчилсан намын бүлгийн хоёр гишүүнийг хуралдаандаа оролцуулаагүй нь хүүхдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж тус бүлэг үзжээ. Мөн бүлэг хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохгүй бол хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд ч хандана гэлээ.
Бүлэг 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулиуд дээр байр сууриа нэгтгэсэн байна. Үүнээс гадна бүлгийн хуралдаанаар Ардчилсан намын үзэл баримтлал болон “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус хэлэлцжээ.
Бүлгийн зүгээс хоёр ч удаа Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах, хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй бөгөөд Засгийн газрын зүгээс хоёр сайддаа хариуцлага тооцохгүй, хууль зөрчөөгүй гэсэн хандлага гаргаж байгаа нь ажиглагдаж байгаа. Энэ нь өрөө Үндсэн хууль зөрчих хэмжээний үйлдэл гэдгийг Засгийн газарт дахин сануулж байна. Хоёр сайдаа хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа бол Засгийн газар бүхэлдээ хууль зөрчих үйлдэл рүү орж байгаа гэдгийг бүлгийн зүгээс дахин сануулж байгаа гэлээ.
Ардчилсан намын бүлгийн зүгээс Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан сэтгүүлчид, иргэнийг тагнасан асуудлаар хуралдахыг шаардсан боловч ер хуралдаагүй байгаа юм. Тиймээс энэ долоо хоногт энэ асуудлаар Тусгай хяналтын дэд хороог дахин хуралдуулах шаардлагатай гэдгийг онцоллоо.
Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар болон бусад гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Дараагийн хүмүүсийг томилох асуудлыг УИХ болон холбогдох байгууллагууд хэзээ томилох вэ. АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү?
-Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хугацаа дуусгавар болсон. Хугацаа дууссан бол Ерөнхийлөгч, УИХ-аас дараагийн хүмүүсийг нэр дэвшүүлж, өргөн барих ёстой.
-Ерөнхийлөгчөөс АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох шийдвэр хүргүүлсэн ч байнгын хорооны зүгээс дэмжихгүй буцаасан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлсэн асуудлыг Хууль зүйн байнгын хороо буцаасан нь хууль зөрчсөн гэх үндэслэлтэй байгаа юм.Хууль зүйн байнгын хороо хүсэлтийг хүлээж аваад дэмжсэн, дэмжээгүй ч УИХ-ын чуулганд танилцуулах ёстой үүрэг нь зөрчигдсөн гэж үзэж байна. Энэ хуулийн зөрчлийг арилгах ёстой гэж УИХ-ын даргаас шаардана. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан үйлдэл болно.
-С.Зоригийн хэргийн асуудлаар УИХ-ын зарим гишүүнд хэрэг үүсгэн шалгаж магадгүй гэсэн мэдээлэл байна?
-УИХ шүүх байгууллага биш. С.Зоригийн хэргээр энэ УИХ, улс төрийн намууд олон жил улс төрийн ашиг хонжоо харж ажиллаж байгаа. Тэр хүний асуудлыг хууль дээдлэх зарчим байгуулдаг улс юм бол хуулийн байгууллага шийдвэрлэх ёстой. Хөндлөнгөөс улстөрчид орж, УИХ-ын гишүүд хөндлөнгөөс оролцох нь буруу юм.
УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхээ биелүүлэхгүй байж бусдын хэрэгт оролцоно гэдэг нь ямар нэг барьцаалагдсан асуудал байгаа гэдэг хардлагыг нийгэмд бий болгоно. Тиймээс хуулийн байгууллагад шийдвэрлэх эрхийг олгох нь зүйтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ