Хоёр Ерөнхий сайд хоригдож "шийтгэгдсэн" 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Улс төрд

"Д.Гантулга гишүүний асуудал хуулийн мухардалд ороогүй"

УИХ дахь Ардчилсан намын бүлэг долоо хоногийн эхэнд хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ардчилсан нам гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой мэдээлэл хийх ёстой гэж үзсэн. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, жендерийн тэгш эрхийн асуудлыг орхигдуулж болохгүй. Ардчилсан намын бүлэгт ирж буй мэдээллээр Д.Гантулга гишүүний асуудал хуулийн мухардалд орлоо гэсэн. Хуулийн мухардалд орно гэж байхгүй. Гишүүн хэрэв хэрэгт холбогдсон бол УИХ-аар заавал хэлэлцэх ёстой” гэв.

Монгол, БНХАУ-ын ЗГ 11 баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилсан. Энэ үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж зарим баримт бичигт гарын үсэг зурлаа. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын хэлэлцээний үр дүнд Улаанбаатарын Төв Цэвэрлэх байгууламжийг сайжруулах төсөл, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Боловсрол солилцооны хөтөлбөр зэрэг 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачлав

УИХ-ын гишүүн Д.Гантулгын түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоног хорих шийдвэр гарав

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас нэг өдөр баривчиллаа. Тэднийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс /2018.04.10/-нд баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид саатуулсан. Улмаар тэднийг Сүхбаатар дүүргийн шүүхээр үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргасан юм.

“УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татсан” гэв

Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас нэр дурдагдсан хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн. Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна. Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно" гэв.

Мөн " УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татсан. Хэрэг нь мөрдөн байцаах шатанд явагдаж байна" гэв.

2018-2019 оныг авлигын эсрэг жил болгох Ерөнхийлөгчийн зарлиг гарав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга“Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гарлаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.

АН: Ч.Сайханбилэгийг намаас хөөгөөгүй

Ардчилсан Намаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг талаар албан ёсны тайлбар өглөө. Тайлбарт: "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Ардчилсан намаас хөөжээ гэсэн нь ташаа мэдээлэл. Нэгдүгээрт, Ардчилсан намын Улстөрийн зөвлөл "Сайханбилэгийг баривчилсан асуудлаар хуралдаагүй. Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно” гэжээ.

Нийгэмд

"Багш нарын цалин шүүгчдээс арав дахин бага байна" гэв

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул: 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс цалин нэмэгдсэн юм шиг яриа нийгэмд гарсан байна. Гэтэл нэмэгдээгүй хасагдсан учраас бид хариуцлагатайгаар хурал хийж байна. Өнөөдөр бидэнтэй адил Их, дээд сургууль төгссөн шүүгч нар гэхэд таван сая төгрөгийн цалин авч бид 500 мянган төгрөгийн цалин авч байна. Яагаад арав дахин бага байгаа юм бэ? Ядаж гурав дахин бага байг л дээ. Тэгвэл бидний хүсээд байгаа 1,6 сая төгрөгт хүрнэ шүү дээ" гэв.

"Шүүгчид Эрдэнэтийг мафийн бүлэглэлд өгөх гэж улайрч байна" гэв

Хөдөлмөрийн үндэсний сангаас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус сангийн тэргүүн С.Зоригтбаатар "Эрдэнэт үйлдвэрийг УИХ-аас 49 хувийг төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг Засгийн газар Төрийн өмчийн хороогоор дамжуулан хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ хэргийг Захиргааны хэргийн шүүх дээр гацаачихлаа.

Олигархжсан бүлэглэлд үйлчилдэг, тэдний гap хөл болсон шүүгч нар Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг ажиллаж ирлээ. Тэдгээр шүүгчид Монголчуудын амжиргаагаа залгуулдаг, төсвийг бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийг мафийн бүлэглэлд өгөх гэж улайрч байна.

"Л.Чинбат бөхийн өргөөг шатаасан ч яахав гэж ярьсан байсан"

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн тэргүүлж буй холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж "МҮБХ-ны Тэргүүнээр Л.Чинбатыг сонгосныг гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг нь ор үндэсгүй худлаа" хэмээн мэдэгдсэн юм. Улсын заан Ц.Магалжав "Монгол бөхийн ноён оргилуудын нэг Дархан аварга маань бурхан болоод удаагүй байхад бөхийн холбооныхон хэрүүл тэмцэл хийх болсонд бид харамсаж байна. Бөх хүний уужуу тайван зан гаргаж, тэвчээртэй дуугай байсаар байсан хэдий ч өчигдөр Л.Чинбат гэгч хүн Монгол телевизийн байранд залуу бөхчүүд хүүхдүүдийг цуглуулан Бөхийн өргөөг хүчээр эзэлж авах талаар ярилцсан байна. Бөхийн өргөөг шатаасан ч яахав хэмээн ярьсан нь биднийг өнөөдөр мэдээлэл хийхэд хүргэлээ” гэв.

Дэлхийд

Трамп Ким Чен Унтай хэзээ уулзахаа хэлэв

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай тавдугаар сард юм уу зургаадугаар сарын эхээр уулзах бодолтой байна. Тэрээр Цагаан ордонд сайд нарын танхимын хуралдаан дээр даваа гарагт ингэж хэлснийг РИА Новости агентлаг мэдээлжээ. “Бид Умард Солонгосын удирдлагатай уулзах гэж байгаа нь дэлхий нийтийн хувьд нэн сонин байх болно” гэжТрамп хэлсэн байна.

Тархины саажилттай хүү мэс засал хийлгэсний дараа харь хэлээр ярьж эхлэв

Тархины саажилт болон цусны хавдартай 15 настай хүү Москвад мэс засал хийлгэсний дараа амьд үлджээ. Гэхдээ тэрээр орос хэлээ мартаж, англиар ярьж эхэлжээ. Артем Галкин тархины саажилттай төрсөн бөгөөд 15 насанд нь түүнээс цусны хавдар илэрчээ. Хүүхэд тэсэхгүй, мэс засалчнэмэр болохгүй гэж хүүгийн эцэг, эхэд хэлсэн байна. Гэвч Галкин мэс заслын ард гарч, өвчнөө ялжээ гэж Telegram-канал Mash мэдээлсэн байна.

АНУ Сирид цохилт өгөхөд бэлэн байна

60 “Томагавк” пуужингаар зэвсэглэсэн Америкийн мина тээгч “Donald Cook” хөлөг онгоц Сирийн Тартус хотод 100 километрийн зайд дөхөж иржээ. Энэ талаар Туркийн “Hurriyet” сонинд бичсэн байна. “Donald Cook” хөлөг онгоц Киприйн боомтоос гарч, даваа гарагт Сирийн зүг хөдөлснийг дурдаж байна.

Сонинд бичсэнээр, оросын нисэх онгоцууд Америкийн мина тээгч хөлөг онгоцны дээгүүр дөрвөн удаа нисч өнгөрчээ. НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя өмнө нь Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр хэлэхдээ, Сирид цохилт өгвөл ноцтой үр дагавар учирна гэдгийг АНУ-д анхааруулсан гэдгээ мэдэгджээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ