Ш.Батхүүгийн бас нэгэн балаг

Авлигатай тэмцэх газар хэдхэн хоногийн өмнө “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү ӨАБНУ, БНХАУ-ын хамтын өмчлөлийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан хэргийн цар хүрээ нэмэгдсэн, хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс ял завших боломжгүй гэх мэдэгдэл хийсэн. Удалгүй Ш.Батхүүг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон талаар мэдээлэл тархлаа.

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү Улаанбаатар төмөр замыг барьцаалан мөн л Стандарт банкнаас 2009 онд зээл авчээ. Үүнээс харвал, төрийн өмчит томоохон үйлдвэрүүдээс “Жаст”-ын барьцаанд тавигдаагүй нь аль нь вэ гэж асуух нь зүйтэй бололтой.

"Жаст" компани ОХУ-ын Роснефть компаниас шатахуун авах гэрээ байгуулахын тулд Улаанбаатар төмөр замыг барьцаалж Стандарт банкнаас зээл авчээ. Ингэхдээ, “Жаст” группийн Стандарт банкнаас авсан зээлийг эргэн төлж чадахгүй бол Улаанбаатар төмөр зам хариуцна гэсэн гэрээнд “УБТЗ”-ыг төлөөлж В.Отгондэмбэрэл дарга 2009 онд гарын үсэг зуржээ. Гэрээ нэг жилийн хугацаатай байсан бөгөөд В.Отгондэмбэрэл, түүний дараа Т.Очирхүү нар гэрээг сунгаж ирсэн байна.

“Жаст”-ын Ш.Батхүү УБТЗ-аар батлан даалгаж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 36 сая ам.долларын зээл авсан гэх асуудал 2013 онд Эрдэнэтийн асуудалтай зэрэгцэн олон нийтэд ил болж байжээ.

Уг нь энэ хэрэг 2009 оноос эхлэлтэй бөгөөд Ш.Батхүүгийн хууль бус үйлдэлд Монголын төрийн өмчит компаниуд баталгаа гаргаж өгсөн учраас Монгол Улс өр төлбөрт ороод байгаа. Учир нь Жаст групп зээлээ хугацаанд нь төлөөгүй аж.

Тодруулбал, Английн арбитрын шүүхээс Жаст групп Эрдэнэт, УБТЗ-ыг барьцаалан Стандарт банкнаас 2009-2011 онуудад 109 сая ам.долларын зээл авсан гэдэг нь ил болоод байгаа юм.

Уг зээлийн асуудал Английн арбитрийн шүүхэд очсон ч монголын шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой гэж үзсэн тул манай улсад шилжиж ирсэн байна. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар тусгаарлагдан ирсэнУБЗТ-тай холбоотой хэргийг одооЦагдаагийн Ерөнхий Газрын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна.

Ийнхүү одоогоос хоёр жилийн өмнө УБТЗ-ыг барьцаалсан өрийн асуудлаар Арбитрийн шүүхээс манай улсын Засгийн газар болон УБТЗ-ын удирдлагуудад албан тоот бичиг явуулж өр төлбөрөө яаралтай барагдуулахыг нэхсэн байна.

УБТЗ-ын удирдлагаар ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг уг хэрэгт холбогдуулж Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлсийн ажилтнууд шалгаж байгаа юм.

Иймд одоо УБТЗ болон Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж Стандарт банкнаас зээл авахад хэн хэн оролцсон бэ гэдгийг ил болгох шаардлагатай байна. Ингэхдээ тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусахаас өмнө энэ асуудлыг эцэс болгохгүй бол хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэж мэднэ.

УБТЗ-ын Стандарт банкандбарьцаалах гэрээнд 2011 онд анх гарын үсэг зурсан гэвэл үүнээс хойш 7 жил өнгөрчээ. Уг хэргийг шалгаад, шүүхээс шийдвэр гарсаар байтал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах магадлалтай. Ингэснээр хэрэг үйлдсэн этгээдүүд ял авахгүйгээр үлдэж ч болох юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ