Майк Помпео АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Рекс Тиллерсоныг төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас огцруулж байгаа тухай зарлажээ. Харин түүний оронд Тагнуулын төв газрын захирал Майк Помпео ажиллах ажээ.

Трамп Тиллерсонд талархал илэрхийлээд, Помпео шинэ албан тушаалдаа “асар их ажил хийнэ” гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Жина Хэспел ТТГ-ын анхны эмэгтэй удирдагч болж мэднэ. Өмнө нь тэр Помпеогийн орлогчоор ажиллаж байсан юм.

Цагаан ордны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, төрийн департамент болон ТТГ-ын удирдлагад халаа сэлгээ хийж байгаа нь Трамп Умард Солонгостой хэлэлцээ хийж эхлэхээс өмнө шинэ баг бүрдүүлэхийг хүсч байгаатай холбоотой ажээ.

Байр суурь зөрөөтэйгээс болоод Тиллерсоныг огцруулсан гэж Трамп өөрөө тайлбарласан байна. Тухайлбал, тэр Ирантай байгуулсан гэрээ хэлцлийг жишээ болгон дурджээ. “Энэхүү хэлцлийг би аймшигтай зүйл хэмээн бодож байхад, тэр үүнийг хэвийн зүйл гэж үздэг. Ийнхүү бид хоёр өөр өөр бодолтой байсан юм. Харин Майк Помпео бид хоёр адилхан санаа бодолтой” гэж америкийн ерөнхийлөгч хэлсэн байна.

Тиллерсон өнгөрсөн оны хоёрдугаар сараас төрийн департаментыг тэргүүлж байсан юм. Трамп төрийн нарийн бичгийн даргын ажилд сэтгэл дундуур байсан хийгээд Тиллерсон ч албан тушаалаа өгөхөд бэлэн байна гэх мэдээ америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарч байсан юм.

“Вашингтон пост” сонинд бичсэнээр Трамп, Тиллерсон нар хэд хэдэн асуудал “түүний дотор Афганистан дахь цэргийн албан хаагчдын тооны талаар, Катар, Кубыг бүслэн хааж байгаа асуудлаар” санал зөрж байжээ.

Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж болох хүмүүсийн дунд Помпео, түүнчлэн НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли нарыг нэрлэж байсан юм. Ингэхдээ ерөнхийлөгчтэй санал зөрдөг тухай мэдээллийг төрийн департамент болон Тиллерсон өөрөө ч байнга няцааж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ