Гал тахиа жилд болсон гол онцлох үйл явдлууд

XVII жарны Алтан унжлагат хэмээх гал (улаагчин) тахиа жил улирч, Тийн унжлагат, шороон нохой жил гарах гэж байна.

Гал тахиа жилд Ерөнхийлөгчийн сонгууль болж, Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон гээд улс төрийн амьдрал бужигнаантай өнгөрлөө. Ийнхүү тахиа ажилд болж өнгөрсөн гол онцлох үйл явдлуудыг нэрлэлээ.

“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авав

УИХ 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувьцааг 100% төрийн мэдэлд авах тогтоолыг баталсан билээ. Улмаар гуравдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100% ТӨРӨӨС бүрдүүлэхийг үүрэг болгов.Ингэж Монголын тал дахь 51% дээр нэмэх нь 400 сая доллар ОХУ-д төлж 49 хувийг худалдаж авсан “Монголын Зэс Корпораци”-ийг Хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд оролцуулалгүйгээр “Эрдэнэт Үйлдвэр”-ийн ТУЗ-ийг төрөөс томилсон юм.

ОУВС-аас тусламж авав

2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсаныг албан ёсоор зарлав. Ингэснээр манай улсад 5.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийн гарцыг нээж Монгол Улс шинэ "өртэй"-гөө золгосон билээ.Хөтөлбөрт орсноор төсвийн алдагдал, гадаад өрийн дарамтыг бууруулахын тулд 7 төрлийн татвар нэмэх бодлого хэрэгжүүлэхээр болсон.

Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25% орлогын албан татвар ногдуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2%, 2019 онд 1%, 2020 онд 2% нэмэгдүүлэхээр болсон ч тусыг эс олсон.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдов

Гал тахиа жилийн хамгийн том онцлох үйл явдлын нэг бол яах аргагүй Ерөнхийлөгчийн сонгууль байв.Долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж,М.Энхболд (МАН) нийт сонгогчдын 30.3, Х.Баттулга (АН) 38.1, С.Ганбаатар (МАХН) 30.19%-ийн санал авав. Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй учир түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болсон билээ. Ингээд дахин санал хураалтыг долоодугаар сарын 07-нд явуулж, хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөж М.Энхболд 41.16%-ийн санал авсан бол Х.Баттулга 50.61%-ийн санал авснаар тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх зургаан удаагийн сонгуультай харьцуулахад хамгийн бага (62.85%) ирцтэй нь байлаа.

65-ын бүлэг Засгаа унагаж, эрх баригч нам даргаа солив

УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний доторх 33-ын бүлэг үүсч санасандаа хүрч өөрийн намын Засгийн газраа огцруулав. Хариуцлага алдсан намын удирдлагыг солих нь зөв шийдэл байж болох ч нөгөө талд засаглалын хувьд харьцангуй тогтвортой гэж үзэж байсан МАН-д итгэх олон нийтийн итгэл талаар болсон болов уу.

2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж олонх болсон МАН-ынхан өөрийн Засгийн газраа унагаж, шинэ ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох гэсэн хэрүүл, зөрчил, тагнах чагнах үйл явц нь МАН мөнөөх “зодоон их” АН-аасаа зарчмын хувьд ялгаагүй гэдгээ нотлон харуулав. Мөн иргэн Г.Доржзодовын дэлгэсэн "60 тэрбум"-ийн хэргийн дуулиан ч энэ жил үргэлжилж улмаар энэхүү бичлэгт нэр холбогдсон Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.

Хүмүүс хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолойгоо нэгтгэв

Тахиа жилд бага насны охидыг хүчирхийлсэн олныг цочирдуулам хэд хэдэн хэрэг гарч энэ бүгдийн эсрэг “Нүдээ нээ” гэх мэт нийгмийн хариуцлагат олон ажлыг санаачлан эхлүүлсэн.

Харин төр засгийн зүгээс (Цаазаар авна гэснээс өөрөөр) хүүхдийн хүчирхийллийн эсрэг дорвитой ахиц, шат гаргасан зүйлгүй. Хоёр сар гаруйн өмнөУИХ, Засгийн газрын гишүүн асны охин өөрийгөө хүчин, хар тамхины хэргийн хохирогч болсон тухайгаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн нь дуулиан дагууллаа.

Энэ хэргийг Цагдаагийн Ерөнхий Газраас шалгаж эхэлсэн тухай 12 дугаар сарын 18-нд албан ёсоор мэдэгдээд байна.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийж эхлэв

Элэгний хавдар нь Монголд өндөр тохиолдолтой хавдар бөгөөд жилд 1,900 орчим хавдар оношлогдож байна.

Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж иржээ. Энэ жил уг асуудлыг шийдэж, мэс заслын зардлыг төрөөс хариуцдаг боллоо. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгддэг байжээ.

Сайнтай, саартай их хүчтэнгүүд

Тахиа жилд спортын салбарт тэр дундаа хүчит бөхийн төрлүүдэд амжилтаа бататгасан, ахиулсан жил байв.

Жүдогийн төрөлд “Рио-2016” олимпын наадмын мөнгөн медальт Д.Сумьяа 2017 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнууллаа.

Чөлөөт бөхийн төрөлд ОУХМ П.Орхон “Парис-2017” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртэж Монгол Улсын Гавьяат тамирчин болсон билээ.

Сүмогийн төрөлд Хакухо М.Даваажаргал 39 дэх түрүүгээ хүртэж, 1,050 дахь даваагаа авч бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сүмоч болоод байна.Мөн "сайны хажуугаар саар" гэгчээр мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын 5 дахь, Монголын 3 дахь ёкозүна Харүмафүжи нутаг нэгт сүмоч Таканойва А.Баасандоржийг зодож хүнд гэмтээж улмаар зодог тайлахад хүрсэн юм.

Цалин нэмүүлэх хөдөлгөөн эрчтэй, хүчтэй байв

Эрх баригч МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдан улс төрд тогтворгүй байдал үүсэх үеэр “дайны хажуугаар дажин” гэгч болж багш нар цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяж эхэлсэн билээ.

Удалгүй эрүүл мэндийн салбарынхан “тэсэрч” цалингаа 50 хувиар нэмүүлэхийг шаардаж, түр хороогоо байгуулсан. Соёл урлагийн салбарынхан ч цалин нэмүүлэх хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлж амжив.

Гэвч ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй байхаар гэрээнд тусгаснаас Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл үүссэн гэж тайлбарлалаа. Багш, эмч нар энэхүү гэрээг эсэргүүцэж, цалин нэмүүлэх тэмцлээ зогсоолгүй, дахин ажил хаялт зарлаж, жагсаал, цуглаан хийсээр байв. Эцэст нь Засгийн газар 300 мянган төгрөгийг Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал нэрээр олгохоор болж, 2018 онд цалинг шат дараатайгаар нэмэх амлалтыг өгч тэмцэл намжив. 2018 онд цалинг 50 хувиар нэмэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ багш, эмч нар мэдэгдсэн билээ.

Отгонтэнгэрт үрэгдсэн 17 амь

Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон тухай дуудлага 2017 оны аравдугаар сарын 22-ны 14:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн юм.

Эрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 225 төрийн албан хаагч, орон нутгийн иргэд оролцсон байна. Онцгой байдлын байгууллага цасан нурангитай ажиллах туршлага бага байсан хэдий ч далайн түвшнөөс дээш 3,200 метрийн өндөрт 50 см-ээс 3 метр орчим цасан нурангинд эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Аврагчид гурван өдрийн турш хайсны эцэст сураггүй болсон 17 иргэнийг бүгдийг нь амиа алдсан байдалтайгаар олдсон гэх харамсалтай мэдээг дуулгасан билээ.

Гурван сая хүн амтай улс нэг өдрийн дотор 17 иргэнээ зуурдаар алдана гэдэг маш том гарз хохирол юм. Амь насаа алдсан 17 иргэнд зориулж Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлсэн юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ