У.Хүрэлсүх 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээ хийнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсоноос хойш гадаад улс дахь анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлж байна. Тэрбээр өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхах юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хувьд 1990 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын төр засгийн тэргүүнүүд харилцан олон удаагийн айлчлал хийж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 онд Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн тус ондоо БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад айлчилж байжээ.

Хоёр улс 2011 онд тунхагласан Иж бүрэн түншлэлийн харилцаатай. 2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрсэн бөгөөд үүнээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.долларт болж, худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн айлчлалаар хэд хэдэн чухал бичиг баримтад гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа юм. Бидний авсан мэдээллээр Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээг шийдэх аж. Энэхүү зээлийг төсвийн дэмжлэг гэхээсээ илүү агаарын бохирдлын эсрэг төслүүдэд 500 орчим сая ам.долларыг нь зарцуулах зорилготой байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.

Мөн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурах аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхаж маргааш Ерөнхий сайд Ли Наг Ентэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын долоон сайд, УИХ-ын долоон гишүүн хамт явж байна. Маргааш Монгол-Солонгосын Бизнес форум болох бөгөөд Монголоос 60 гаруй бизнесийн төлөөлөгч тус форумд оролцох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ