Ангараг гарагаас их хэмжээний мөс илрүүлжээ
Ангараг гарагийг тойрон эргэж байгаа NASA-гийн дагуулаас ирүүлсэн зурагнаас эрдэмтэд их хэмжээний мөс илрүүлжээ.
Өмнө нь Ангарагийн гадаргын гуравны нэгийг эзэлсэн мөс хөрсөн дор байгаа гэж таамаглаж байсан ч бодитоор харж байгаагүй юм. Харин сүүлд ирүүлсэн зураг дээр тус гарагийн найман бүс нутагт орших газрын эгц налуу хэсгээс мөс ил гарсан байгааг илрүүлжээ.
Тэдгээр нь Ангарагийн гадаргын дундаж өндөртэй хэсгүүдэд 100 хүртэл метрийн зузаантай байгаа гэж тооцоолсон байна. Дундаж өндөртэй газрууд нь үндсэндээ тоос шороогоор бүрхэгдсэн байдаг тул мөс ил гарсан нь ховор сонин тохиолдол гэнэ. Ангарагийн дундаж өндөрлөг нь манай дэлхийн Шотландын уулс, Өмнөд Америкийн уулсын түвшинтэй ижил ажээ.
Судлаачдын ашигласан зургийг NASA-гийн Mars Reconnaissance Orbiter хөлгөөс ирүүлсэн юм. Уг хөлөг 2006 оноос хойш тус гарагийг тойрог замаар эргэн судалгаа хийж байгаа ажээ.
Шинэ нээлтээр Ангараг гараг дээр өмнө тооцоолж байснаас их хэмжээний ус байгааг тогтоосон тул хүмүүсийн түрүүч очиж амьдрах, суурьших боломжийг нээж байна. Усыг унданд ашиглахаас гадна хүчилтөрөгч гарган авч амьсгалахад ашиглах юм.
Энэ нээлтээс өмнө усны асуудал шийдэхэд хэцүү байсан. Тухайлбал, хүмүүсийг Ангарагт илгээхэд дэлхийгээс ус тээвэрлэж явах нь маш хүнд. Өөр арга гэвэл Ангарагийн маш хуурай агаараас ус гаргах, ус агуулсан хад чулуулгийг хагалж ашиглах байсан юм.
Харин одоо газар доор ойрхон их хэмжээний мөс байгаа нь өндөр технологи шаардалгүйгээр асуудлыг тун хялбар шийдэх боломж олгож байна. Судалгааны үр дүн “Science” сэтгүүлд нийтлэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ