Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг шалгаж эхэлжээ

Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар тус салбарт хэрэгжүүлсэн дөрвөн төсөлд 15.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, дөрвөн төслийн гурвыг нь “Анненг повер стэшн экүюипмент групп лимитед” компани гүйцэтгэсэн бөгөөд цаанаа авлига хээл хахууль байж болзошгүй. Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж нэгэн компанид давуу эрх олгосон байж болзошгүй хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга асан С.Отгонбаяр, ДЦС-IV ТӨХК болон ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэвээн, Ж.Равдандорж нар ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа 216.2 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан, Даланзадгад ДЦС-ын турбин шинэчлэх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгосон хэрэгт холбогджээ. Тэдэнд АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ