НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.14) НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн М.Билэгт, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, А.Ундраа, Г.Мөнхцэцэг нар байлцлаа.

Манай улсад Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж байгаатай холбоотойгоор НҮБ болон Азийн хөгжлийн банкны хамтарсан ажлын хэсэг, шинжээчдийн баг манай улсад 2017 оны арваннэгдүгээр сард ирж ажилласан бөгөөд тус ажлын хэсгээс эхний ээлжийн зөвлөмжийг ирүүлсэн байна. Зөвлөмжид дурдсан асуудлаар Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Суурин зохицуулагчтай санал солилцсон юм.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын нийгэм, байгаль орчны зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, үүний тулд ямар стратеги, бодлого баримтлах талаар зөвлөмжид тусгасныг үзэж танилцсанаа Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Хатагтай Биата Транкман нийгмийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төсвийн хуваарилалтыг хэрхэн оновчтой хийх талаар саналаа хэлж, цаашид энэ чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх боломжийн талаар ярилаа.

Түүнчлэн, хөрөнгө оруулалтыг нийгмийн салбарт нэмэгдүүлж байгаа ч нэг хүнд ногдох төсвийн зардал бууралттай гарсан. Хүн ам өсөхийн хэрээр хэрэгцээ нэмэгдэж, өсөн нэмэгдэж буй бодит хэрэгцээг хөрөнгө оруулалт гүйцэхгүй байгаа талаар зөвлөмжид тусгасныг тэмдэглэв.

Ийнхүү санал солилцсоны дүнд 2019 оны төсвийг хэлэлцэж эхлэхээс өмнө нийгмийн салбарт төсвийг оновчтой хуваарилахад хоёр талаасаа хамтарч ажиллахад санал нэгдлээ.

Мөн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар ярилцав. Уулзалтад байлцсан УИХ-ын гишүүд мөн зөвлөмжтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал солилцсон юм.

Төгсгөлд нь Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газар, парламентын үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, хатагтай Биата Транкманд талархал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ