УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос боловсруулсан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо хийжээ. Төсөлд малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх бэлтгэл ажлыг хангаж, үнэлгээг 2019 онд багтаан явуулах, дүнг Улсын Их Хуралд танилцуулах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг заасан хугацаанд баталж, хууль таниулах ажлыг зохион байгуулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцууллаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын гаргасан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар зарим зүйлийг тодруулж, хариулт авлаа. Дараа нь “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Иймд төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь дэмжсэнээр “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ