Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гарчээ

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн /2017.12.14/ хуралдаанаас гаргажээ.

С.Баярыг Элчин сайдаар томилогдсоных нь дараа иргэдийн зүгээс оффшор бүсэд данстай гэх шүүмжлэл гаргаж, жагсаал цуглаан хийж, Элчин сайдаас чөлөөлөгдөхийг шаардсан юм. Үүний дараа буюу өнгөрсөн долдугаар сард Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт ирүүлсэн байдаг. Удтал хэлэлцэхгүй явсны эцэст Засгийн газар ийнхүү шийдвэрээ гаргалаа.

Элчин сайдыг эгүүлэн татах шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж байж эцэслэдэг. Одоогоор УИХ С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татахэсэх асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Сануулахад, УИХ 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд С.Баярыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Элчин сайдаар томилж, Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ