Л.Болд: Миний нэр төрийг сэргээж өгөхийг хүсч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх юм. Үүнд:

  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Саранчимэг нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН: Томилгооны сонсгол зохион байгуулахаар 22 гишүүн гарын үсэг зурж, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн боловч, Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн. Гэвч Өргөдлийн байнгын хороо өргөдлүүдийг судлах хугацаа шаардлагатай хэмээн хойшлуулсан байна. Иймээс УИХ-ын 22 гишүүн өргөдөл бичсэн иргэдийг Төрийн ордонд хүлээж авч уулзахаар болсон. Маргаашийн арга хэмжээнээс гарах сонсголын дүгнэлтийг УИХ-д хүргүүлнэ. Та бүхэн сонирхоорой.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудалд оруулж өгөөч. Энэ асуудлыг манай байнгын хороо өчигдөр хэлэлцээд шийдчихсэн юм.

Харин дээрх асуудлыг маргааш /2017.12.15/ УИХ-ын чуулганаар хэлэлцье гэж УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж, миний нэр төрийг сэргээж өгөхийг хүсч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой найман өргөдөл ирсэн. Тэдгээр өргөдлийг Аюулгүй байдал гадаад бодлогын Байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч манай Байнгын хороо руу шилжүүлсэн. Бид өргөдөл бүрийг судлах ёстой учраас УИХ-ын даргаас хугацаа хүссэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос манайд өргөдөл ирүүлснээс хойш 30 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Өргөдлүүдийг авснаас хойш судалж байна. Нэг зүйлийг тодотгоход өргөдлүүдийг нээлттэй хэлэлцэхийн тулд 900 хүний гарын үсэг цуглуулах шаардлагатайг хуульд заасан. Хууль зөрчих эрх байхгүй, хуулийн дагуу хуралдааныг явуулна. Эсвэл Ерөнхийлөгч Элчин сайдын асуудлаа татаж авах боломжтой.

Дээрх тайлбарыг сонссон УИХ-ын дарга М.Энхболд “нэгэнт Өргөдлийн байнгын хороо өргөдлийг нээлттэй хэлэлцүүлэх боломжгүй гэсэн хуулийн заалт байгаа тул маргааш Элчин сайдын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ” гэв.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ