С.Баяр АТГ-ын "бай" мөн үү?
Ерөнхий сайдын суудлаас буусан цагаасаа хойш АНУ-д амьдарч байсан С.Баярын тансаг хаусны талаарх мэдээлэл цацагдсаар ирсэн. АНУ-ын үнэтэй хороололд, тэндхийн баячуултай эн зэрэгцсэн тансаг хауснуудад тухалдаг С.Баяр ямар мөнгөөр ийнхүү баярхах болсон нь олны анхаарлыг татсаар буй.
Цаг хугацааны бортогыг эргүүлээд үзвэл Ерөнхий сайд асан С.Баяр "Надад оффшор данс байхгүй. Улс төрч хүн ийм данстай байхыг би буруу гэж боддог. Оффшор данстай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн. Ямар нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага үүрэхэд бэлэн" гэж яг жилийн өмнө хэлж байсан.
Гэтэл саяхан ерөнхийлөгчийн гэх C1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр түүний долоон ширхэг тансаг байрыг олон нийтэд мэдээлж ил болгочихсон.
Үүнтэй холбоотойгоор С.Баярыг 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа хөрөнгөө их хэмжээгээр нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шалтгаанаар хэрэг бүртгэл нээж Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Угтаа 2016 онд С.Баярын асуудлыг шалгуулахаар нэр бүхий хүмүүс АТГ-т хандсан байдаг. Гэтэл АТГ энэ хэргийг шалгаагүй юм. Тэр үед түүнийг шалгаагүй шалтгаанаа АТГ-ын дарга асан Н.Ганболд чуулганы үеэр "С.Баяртай холбоотой асуудлыг шууд энд задлаад ярихад хэцүү байна. Тэнд өмч хөрөнгийн эзэн хэн бэ гэвэл тодорхой хүмүүсийн нэр устай, тухайн улсынхаа бүртгэл тооцоогоор орчихсон ил юм билээ. Бид шалгаад прокурорынхонтой ярьхад наад хэрэг чинь цааш явахгүй юм байна гэж хэлсэн” хэмээн тайлбарлаж байсан. Иймд түүнийг асуулт үлдээгээд Авлигатай тэмцэх газраас “зугтсан” гэж болмоор.
Ерөнхийлөгчийн хувьд тангарагаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгцээ Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эргүүлэн татах тухай асуудал яригдаж эхэлсэн.
Олон нийт С.Баярыг эргүүлэн татах үндэслэлийг харахдаа Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон асуудал байж магадгүй. Дипломат албанд ажиллаж буй хүн атлаа улс төрийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, ёсзүйн алдаа гаргасан хэмээн буруутгаж байсан. Түүнчлэн түүний оффшор данс, АНУ дахь долоон байшин гэх мэтээр түүнээс зуурах асуудал цөөнгүй юм.
Ерөнхийлөгч ч саяхан “АТГ МАН-ын 65 бүлгийг илчилж, шалгахад хэцүү. Тэгвэл надтай хамтарч ажиллах саналаа тавь. Тэднээс айгаад байгаа юм бол төрийн тэргүүнтэйгээ хамтарч ажилла” гэж байсан.Энэ нь ч санамсаргүйгээр зүгээр нэг хэлсэн үг биш юм.
Ямартай ч олон нийт авлигатай тэмцэх газар С.Баярын асуудалд хэрхэн хандаж, яаж шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ