Хүүхэд 3 нас хүртлээ ээжийнхээ хажууд унтах ёстой
Хүүхдийн эмч нар нярай хүүхдийн нойрны талаар шинэ санаа бодолтой болжээ. Тусдаа болон ээжтэйгээ хамт унтаж байсан хүүхдүүдийн дунд нэг зүй тогтол байгааг ажигласан хүүхдийн эмч Нильс Бергман ийм дүгнэлт хийсэн байна.
Судалгаа үнэхээр гайхашрал төрүүлж чаджээ. Учир нь олонхи хүүхэд эхийнхээ хажууд маш тайван унтаж байжээ. Харин ээжээсээ хол унтах нь бяцхан хүүхдийн нойр тайван бус байдгийн гол шалтгаан болдог аж.
Ээжийнхээ хажууд унтахгүй байх нь түүнтэй тогтоох харилцааг алдагдуулж, хүүхдийн оюуны чадварын хөгжилд муугаар нөлөөлдөг гэж үзжээ.
Өсвөр насандаа хүүхдийн ааш зан өөр болдог гэсэн болгоомжлолыг ч судлаачид энэ баримттай холбон үзэж байна. Эхний хэдэн долоо хоног ээжийнхээ дэргэд унтах нь хүүхэд эрүүл өсч торних магадлалыг нэмэгдүүлдэг гэж Кейптауны их сургуулийн доктор Бергман үзэж байна.
Туршилтад оролцсон 16 хүүхдийг ажигласнаар эмч нар нэг л дүгнэлтэд хүрчээ. Ээжээсээ тусдаа унтаж байсан хүүхдүүд тайван бус унтаж, тэдний зүрх хурдан цохилж байсан аж. 16 хүүхдийн зургаа нь л орондоо тайван унтаж байжээ. Гэхдээ тэд бүгдээрээ гүн бус нойрсож, зохих ёсоор амарч чадаагүй байсан байна.
Гүн, сайн нойрсохгүй байх нь хүүхдийн тархины хэвийн хөгжилд сөргөөр нөлөөлдөгийг ийнхүү нотложээ. Түүнчлэн амьтад дээр ч туршилт хийсэн бөгөөд нойр дутуу, стресстэй байх нь өсвөр насанд асуудалд хүргэдгийг уг туршилт харуулсан байна.
Ийнхүү хүүхэд ээжтэйгээ хамт илүү сайн унтдаг гэсэн дүгнэлтийг эмч нар хийжээ. Харин хэт их ядарсан тохиолдолд хүүхдийнхээ дэргэд унтахгүй байх нь дээр гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ