“Tokyo Grand Slam 2017” тэмцээн эхэллээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны сүүлийн тэмцээн Японы Токио хотноо өнөөдөр эхэллээ.

“Tokyo Grand Slam 2017” тэмцээнд 61 орны 417 жүдоч \эрэгтэй 243, эмэгтэй 174\ оролцох бөгөөд тэдний дунд олимп, дэлхийн аваргын медальтнууд олон бий. Тодруулбал “РИо 2016” олимпийн наадмын медальтан 16 тамирчин байна. Тэдний дунд Чехийн Лукас Крпалек, Бразилын Рафаэль Силва, Японы Оно Шохей нарын аваргууд багтжээ.

Манай улсаас энэ удаагийн Их дуулгад 16жүдоч барилдах бөгөөд дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг нарын шилдгүүд татамид гарна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорно.

Манай улсаас 60 кг-д Г.Болдбаатар, Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, С.Баяртүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, Б.Хорлоо, 52 кг-д Ч.Аззаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар барилдана.

Жин бүрт 26-аас дээш бөх барилдаж байгаа бөгөөд хамгийн олон нь эрэгтэйчүүдийн 73 кг-д 46 бөх барилдаж байна.

Хэсгийн барилдаан 09.00 цагт эхэлсэн бөгөөд медалийн барилдаан 16.00 цагаас эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ