“Футзалын дээд лиг” ням гарагт эхэлнэ
МХБХ-ны 2017-18 оны улирлын “Футзалын дээд лиг” ням гарагт буюу 12-р сарын 03-ны өдөр эхэлнэ. Тэмцээний техникийн зөвлөгөөн өнгөрсөн Ням гарагт МХБХ-ны байранд боллоо.
Энэ улирлаас эхлэн “М-Си-Эс Кока-Кола” ХХК тус тэмцээний албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллах бөгөөд шагналын сан ч өмнөх жилүүдийнхээс нэмэгджээ.
“Футзалын дээд лиг”-т оролцох Унаганууд, Дэрэн, УБ Мазаалайнууд, Хангарьд, Атлетик 220, Хоромхон, Сэлэнгэпресс, Соёмбын барсууд, Арвис, Гоёо Эф Си багуудын төлөөлөл техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирж, тэмцээний дүрэм журамтай танилцлаа. Энэ жилийн тэмцээний томоохон онцлог нь “Футзалын дээд лиг” анх удаа 2 тойргоор явагдах юм. Өөрөөр хэлбэл баг тус бүр 18 тоглолт хийнэ гэсэн үг. Хуваарийн дагуу тэмцээн 12-р сарын 03-наас ирэх оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Гэхдээ шинэ улирал 2 долоо хоног хойшилж эхэлж буйтай холбогдуулан улирлын дундуур ажлын өдрүүдэд 10 тоглолт болно. Мөн Хангарьд клуб Эрдэнэт хотоос ирж оролцдогийг харгалзан, тэд 2 долоо хоногт нэг удаа Улаанбаатарт ирж тоглохыг бусад багууд хүлээн зөвшөөрчээ. Уламжлал ёсоор “NTV” телевиз Ням гарагт болох тоглолтуудыг эх орон даяар шууд дамжуулна. Мөн “mycujoo tv”-ээр лигийн бүх тоглолтууд онлайнаар шууд дамжуулагдана.
Эхний 7 хоногийн тоглолтуудын хуваарь:
12.03 – 10:00 Унаганууд – Соёмбын барсууд
12.03 – 12:00 УБ Мазаалайнууд – Дэрэн
12.03 – 14:00 Сэлэнгэпресс – Хоромхон
12.03 – 16:00 Гоёо Эф Си – Атлетик 220
12.09 – 10:00 Арвис – Хангарьд
Тоглолтууд МХБХ-ны футзалын ордонд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ