Боулингийн Улсын аваргууд тодорлоо
Боулингийн улсын аварга шалгаруулах XII тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /11 дүгээр сарын 18,19-нд/ Big Bowling төвд боллоо. Уг тэмцээнд 8 клубын эрэгтэй 50, эмэгтэй 25 тамирчин оролцож аваргуудаа тодруулсан юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Монголын боулингийн холбоо, Биг энтертайнмент ХХК-ууд хамтран зохион байгуулсан уг тэмцээн нь Боулингийн спортыг сурталчлах, олон нийтэд таниулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой аж.
Монголын Боулингийн холбооны удирдах бүрэлдэхүүнд 10 дугаар сард өөрчлөлт орж, шинэ залуу боловсон хүчнээр хүч сэлбэжээ. Тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Э.Нандинзүрх “Боулингийн холбоо Биеийн тамир, спортын хороотой хамтран ажиллаж байгаа. Бид 2018 онд болох Азийн наадамд баг тамирчдаа бэлтгэж, амжилттай оролцуулах зорилготой байна. Мөн 2023 онд Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрх авсан бөгөөд тамирчдаа бэлтгэж амжилт гаргахаар ажиллаж байгаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй нийт баг тамирчиддаа амжилт хүсье” гэдгийг онцлов.
Монголын Боулингийн Холбооны ЕНБД Г.Магсаржалам “Энэ тэмцээний гол онцлог нь 2018 оны Азийн наадамд оролцох тамирчдаа тодруулах зорилготой. Мөн он гараад гурван том тэмцээн болохоор төлөвлөгдсөн. Тиймээс бид Монгол Улсынхаа шигшээ багийг бүрдүүлж, дараагийн тэмцээнүүдэд амжилттай оролцох зорилго тавьсан. Өнөөдрийн тэмцээнд спортын мастер М.Түвшинсанаа тэргүүтэй Монголын шилдэг тамирчид оролцож байна. Боулингаар хичээллэж буй хүмүүсийн тоо өсч, нас нь залуужиж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Энэ спортын давуу тал нь насны хязгааргүй бөгөөд хүнээс дээд зэргийн төвлөрөл шаарддаг учраас оюун санаа болон биемахбодод сайнаар нөлөөлдөг. Боулингаар хичээллэсэн хүмүүс маш сайхан хамт олон, найз нөхөдтэй болдог” гэв.
Улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг, мастерс гэсэн төрлөөр аваргуудаа тодруулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ