Монголын жүдочид чансаагаараа гуравт бичигдлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Hague 2017 тэмцээн Нидерландын Гааг хотноо боллоо. Энэ сарын 17-19-ний өдрүүдэд болсон тус тэмцээнд 41 орны 231 жүдоч оролцсон юм. 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсаас долоон эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцож, хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Н.Хадбаатар нар түрүүлж, эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Б.Амартүвшин, 73 кг-д Ц.Цогтбаатар болон эмэгтэйчүүдийн 52 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

Энэхүү тэмцээнд түрүүлсэн залуу жүдоч Ё.Басхүү, Н.Хадбаатар нар цаашид их юм дуулгахаа харуулсан. Мөн “Рио 2016” олимпийн наадамд зодоглосон Ц.Цогтбаатар жин өгсөн 73 кг-д өрсөлдсөн бол дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Гавьяат тамирчин М.Уранцэцэг ч мөн жин өгсөн 52 кг-д барилдлаа.

Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэг мөнгөн медаль хүртсэн.

Hague 2017 гран при тэмцээний багийн дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ажилласан. Тэрбээр тэмцээний талаар “Залуу тамирчдыг гран при ангиллын тэмцээнд олноор нь оролцуулж туршлага судлуулах ёстой юм байна. Бид өндөр амжилт үзүүлэхийн зэрэгцээ манай залуус маш их туршлага хуримтлууллаа” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Багийн дүнгээр Нидерланд 5 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол ОХУ, Монгол, Косово, Сербийн баг тамирчид удаалав.

“Hague 2017” гран при тэмцээний фото агшин:

АЛТАН МЕДАЛЬ:

  • Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү
  • Эрэгтэйчүүдийн 73 кг-д Н.Хадбаатар

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

  • 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин
  • 60 кг-д ОУХМ Б.Амартүвшин
  • 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар
  • эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг мөнгөн медаль хүртлээ. /2017.11.17/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ