Боулингийн үндэсний лигийн тэмцээн боллоо
Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Үндэсний лигийн багийн тэмцээний гуравдугаар тойргийн нэгдүгээр шатны тоглолт “Big bowling төв”-д лхагва гаригт /2017.11.15/ боллоо. Тэмцээнд уламжлал ёсоор 14 баг оролцож, нэгээр гарсан баг нь 14-т орсон багтай халз тоглох журмаар өрсөлдсөн билээ.
Аваргын цомыг энэ удаа Д.Нацагдорж ахлагчтай Б.Оргилмаа, Б.Оюунболд нарын баг хүртэж, хошой аварга боллоо. Тэд өмнө нь таван удаа аман хүзүүдэж байсан туршлагатай баг юм. Хоёрдугаар байрыг Г.Ууганболд ахлагчтай Ц.Уранцэцэг, Г.Шинэбаяр нарын баг эзэлсэн бол Э.Харцага ахлагчтай, Д.Отгонжаргал, Б.Тамир нарын баг энэ удаагийн тэмцээнд огцом цойлсон амжилт үзүүлж, гуравдугаар байр эзлэв.
Учир нь зургаан сарын өмнө тус тэмцээнийг эхлэхийн өмнө сугалаа сугалуулж, бүх багийг бүрдүүлсэн бөгөөд “Өнөөдөр” сонины тамирчин Э.Харцагын багт “цоо шинэ” буюу туршлага багатай хоёр сонирхогч орсон юм. Тэдний хувьд дандаа сүүлийн байруудыг эзэлдэг, бүр дөрөв дараалан баян ходоод болж байсан удаатай ч энэ удаа гуравдугаар байр эзэллээ. Э.Харцагын баг тухайн өдөр нэгээр гарсан А.Батжаргал ахлагчтай хошой аварга багийг, дараа нь өмнөх тойргийн тэмцээний аварга Ц.Батжаргал ахлагчтай багийг хожиж, медальт байранд шалгарсан байна. Мөн дэд байранд орсон багт Г.Шинэбаяр гэдэг шинэхэн тоглогч багтжээ. Энэ нь “цоо шинэ” тамирчдын амжилт өсөж, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгож байна гэж зохион байгуулагчид онцолж байна.
Тус тэмцээний шилдэг тамирчин буюу хамгийн өндөр онооны эзнээр эрчүүдээс “ТЭЦ-3” багийн Э.Чүлтэмжамц 232 оноогоор, эмэгтэйчүүдээс “Strikes “клубын Ш.Гэрлээ 219 оноогоор шалгарлаа.
Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Үндэсний лигийн багийн тэмцээний гуравдугаар тойргийн нэгдүгээр шатны тоглолт “Big bowling төв”-д лхагва гаригт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ