Б.Хурцын томилгоог хойшлууллаа

УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлаар тайлбар авахад гишүүд нэлээд маргалдлаа. "Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн нь Монгол Улс зэвсгийн наймаа хийх гэж байсан гээд мэдэгдчихлээ. Тиймээс энэ асуудлын учрыг олохгүйгээр Элчин сайдын томилгоог явуулж болохгүй гэж" УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ц.Нямдорж нар үзэв. Мөн гишүүдийн нэр хүндэд халдсан мэдэгдэл хийсэн тул гишүүдийнхээ эрхийг хамгаалах ёстой хэмээн УИХ-ын даргаас хүсэв.

Гэвч УИХ-ын Тамгын газраас Нийтийн сонсгол явуулах хуулийн заалтад тайлбар өгөв. Хуульд зааснаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхэд нээлттэй сонсгол явуулах тухай гишүүдийн хүсэлт хамааралгүй гэсэн юм.

Ингээд нийтийн сонсгол явуулах тухай горимын саналаар биш гишүүний нэр хүндтэй холбоотой асуудлаар тодруулах шаардлагатай байгаа тул Элчин сайдын томилгоог хойшлуулах санал гаргав. Үүнийг гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжиж,Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хойшлуулав.

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр боллоо. Үүнд:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруудах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;

Ингээд чуулганы эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ