Х.Баттулга: Оёмол бүтээгдэхүүнээ экспортод гаргая
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөнийг Төрийн ордны их танхимд өчигдөр хийлээ.
Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, үйлдвэрлэгчид хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Улс орны өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь эмэгтэй гишүүдийн лобби бүлэг, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөнийг хийж байна.
Хөдөө орон нутгаас, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгаас оёдлын үйлдвэрлэлээ төлөөлж ирсэн нийт хүмүүст баяр хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор үндэсний чуулганыг гурав дахь удаагаа хийж байна. Эхний удаа “Хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийсэн. Эндээс бид дотооддоо хүнсний ногоогоо ургуулж, хүнсний бүтээгдэхүүнээ хийж аюулгүй байдлаа сахих боломжтой юм гэсэн шийдэл гаргасан. Дараа нь утаа, хот төлөвлөлтийн талаар чуулган хийсэн. Бид 20 гаруй жил утаатай тэмцлээ. Буруу зүйлтэй тэмцэж иржээ. Ажилгүйдэл, ядууралтай тэмцэж байж утаанаасаа салах ёстой юм байна гэсэн шийдэл тэндээс гаргасан.Шинэ Засгийн газарт энэ шийдлийнхээ талаар танилцуулсан.
Үндэсний чуулганаас гаргасан шийдлийг Засгийн газар, хэрэгжүүлэх агентлаг, яам, тамгын газруудад өгч, араас нь ажлын гүйцэтгэлийг шалгана гэсэн бодолтой байгаа.
Үйлдвэрлэл хөгжүүлэх, ажилгүйдлийг багасгах нь улс орны гол зорилго байдаг. Өнөөдөр чуулж байгаа оёдлын салбар хуучны үед асар олон ажлын байр бий болгож байсан, бидний мэддэг салбар юм.
Монголын ардчиллыг дэмжих зорилгоор Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг АНУ-д татваргүй оруулах, экспортыг дэмжих зорилгоор бидэнд АНУ 1992 онд тодорхой квот өгч байсан. Харамсалтай нь бид тэр боломжийг ашиглаж чадаагүй. Бид өөрсдөө 1992 онд мөнгөтэй байгаагүй. Оёдлын машин худалдаж аваад, хэдэн ажилчин аваад заал түрээслээд ажиллах боломжтой хүн байгаагүй учраас Хятад, Хонконг, Макаогийн эзэд ирээд энэ квотыг ашигласан. Тэд ажлын хямд хүч ашиглаж өөрсдийн бүтээгдэхүүнээ Монгол Улсын нэрээр АНУ руу гаргаж байсан. Загас барих энэ аргыг бид тэгэхэд ашиглаж чадалгүй алдаа гаргасан.
Би 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч болоод АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женнифер Галттай уулзаж энэ байдлыг хэлж дахин санал тавьсан. Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоогоод 30 жил болж байна. Энэ 30 жилийн ойд зориулаад Монгол Улсад өмнөх квотыг сэргээж өгөөч гэсэн санал тавьсан. Конгресст нөлөөлж болох хэсэг хүнийг 12 дугаар сарын эхээр Монголд ирүүлэхээр уриад байна.
Чуулганы дараа төлөөлөгчид, ажлын хэсэгтэй энэ талаар би мэдээлэл хийнэ гэсэн бодолтой байна.
Тухайн үедээ Монголд энэ салбарт 30 гаруй мянган хүн ажиллаж, нийт экспортын 29 хувийг үйлдвэрлэж байсан статистик тоо байдаг. Ийм боломжийг ашиглах талаар дахин Ерөнхийлөгч, Засгийн газрын талаас сэдэл тавья. Энэ нь бид зөвхөн түүхий нүүрс экспортолдог биш, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байраар хангаж, оёмол бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг болъё гэсэн санаа юм.
Дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдаж авах тухай Үйлдвэрлэлийг дэмжих хуулийг 2015 онд баталсан. Харамсалтай нь одоо болтол хэрэгжээгүй. Одоо яах хэрэгтэй вэ гэвэл, эхлээд оёдлын салбар нэгдэх хэрэгтэй байна.
Өнөөдөр миний авсан мэдээгээр бол том оёдлын салбар буюу 200-гаас дээш ажилчинтай газрууд оёдлын нэгдэлд нэгдээгүй байх шиг байна. Бид нэгдэж чадахгүй бол дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг авдаг хууль бидэнд үйлчлэхгүй. Дахиад тендэрүүд яамдаар яваад өгнө. Нэгдэж чадах юм бол ТББ-ууд, холбооддоо тодорхой тендэрүүд өгдөг байя. Тендэрийг 3-4 жилээр өгөх юм бол ажлын байраа хадгалаад, үйлдвэрлэл бэхжээд, боловсон хүчнээ зэрэг шийдээд явах юм. Ингэсний дараа экспорт руу, бодлого руугаа үе шаттай оръё гэсэн санаа юм.
Өнөөдөр оёдлын салбарт 2500 орчим хүн байгаа нь тун бага тоо. Дотоодын зах зээл гэвэл ЕБС-иудад 550 орчим мянган хүүхдийн дүрэмт хувцасны зах зээл байна. Мөн албан хаагчдын 26 мянган дүрэмт хувцасны зах зээл байна. Сангийн яам гэхэд 2016 онд төсвийн хөрөнгөөр нормын хувцас, хэрэглэл, зөөлөн эдлэл худалдан авахад 25 тэрбум 640 сая төгрөг төсөвлөсөн байна.
Үүнийг дотоодын үйлдвэрлэлд өгөхөд чамлахааргүй дэмжлэг харагддаг. Харамсалтай нь ийм зүйлийг хийхгүй байгаа юм.
Уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт 69,9 мянга орчим ажиллагчид хөдөлмөр хамгааллын зориулалтын хувцсаар хангагддаг. Үүний даавуунаас бусдыг дотооддоо үйлдвэрлэж хангах боломжтой. Ажлын хувцас, дүрэмт хувцас гээд ярихад 70 орчим тэрбум төгрөгийг дотоодын худалдан авалтад зарцуулах боломж бий.
Үе шат гэдэг нь юуны өмнө холбоод нэгдэж нэг болох ёстой. Нэг холбоо болоод, энэ том фронтод дотоодын худалдан авалтын тендэрүүдээс өгөөч. Энэ нь 3-аас 4 жил, 5 жилээр, урт хугацаатай байвал үүнд зориулсан боловсон хүчин, түүхий эдээ бэлдэнэ. Энэ бол хамгийн нэгдүгээрт байна.
Өнөөдөр импортоор оруулж ирж байгаа оёмол болон гутал хувцас, нийтдээ 600 тэрбум орчим төгрөгийн худалдааг гаднаас хийж байна. Ихэнхийг нь Эрээнээс авч байна. Энэ бол маш том зах зээл. Энэ зах зээл рүү орохын тулд дахиад холбоодын нэгдэл хэрэгтэй. Холбоод нэгдээд дотоодын худалдан авалтаа хийгээд эхлэх юм бол импортоор оруулж ирж байгаа барааны 600 тэрбум орчим төгрөгийн зах зээл рүү ороход гаалийн хамгаалалтад орох боломж харагдаж байгаа.
Харамсалтай нь, холбоод нэгдэх талаар бид хоёр сар гаруй ярилаа. Чуулганы дараа үр дүнгээ, бүртгэлийн ажлаа надад мэдэгдэх байх аа.
Хуульчилж байгаа асуудлууд нь амьдралд хэр хүрсэн бэ гэдгээ урьдчилсан уулзалтуудаар нэлээд хэлэлцсэн байх гэж бодож байна.
Ингээд нэгдэл, дотоодын худалдан авалт, импортын барааны гаалийн татварын талаарх төрийн дэмжлэг, цаашлаад экспорт гэсэн дөрвөн чиглэл рүү бид хамтарч ажиллая гэсэн шийдлийг та бүхэнд энэ индэр дээрээс уриалж байна.
Шинэ Засгийн газрын танхимын сайд нараас энд байна. Дэмжиж хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.
Ажлын байрыг урьд нь ч их хэмжээгээр бий болгож байсан, цаашдаа ч бий болгох ийм том салбар бол оёмол бүтээгдэхүүний салбар юм. Тэгэхээр үүн дээр нэлээд нөлөөтэй, хүчтэй, нухацтай, сая миний ярьсан шийдлүүдийг тойрсон шийдвэрийг та бүхэн гаргаасай гэж хүсч байна. Баярлалаа” гэлээ.
Зөвлөгөөнд оролцогчид оёмол бүтээгдэхүүний салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар байр сууриа илэрхийлцгээж салбарын мэргэжлийн холбоодоос боловсруулсан хууль, эрх зүйн баримт бичгийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгөв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ үеэр УИХ-д дотоодын аж үйлдвэрийг дэмжих лобби бүлэг байгуулсныг хэллээ.
Уг лобби бүлэгт УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Саранчимэг нар багтжээ. Тэд зэс хайлуулах, нефть боловсруулах, арьс шир боловсруулах болон бордооны үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм байна.
Зөвлөгөөнд оролцогчид оёдлын салбарыг зөв хөгжүүлж, оёмол бүтээгдэхүүний худалдан авалтыг зөвхөн дотоодоосоо хангавал 50 мянган хүний ажлын байр гаргах боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ