Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг дэмжлээ
УИХ дахь Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд томилох тухай асуудал хэлэлцэж, дууслаа. БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Батын Хурцыг томилох тухай асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 11 нь буюу 78,6 хувийн саналаар дэмжлээ.
Хуралдааны үеэр яригдсан асуулт, хариултыг хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: АТГ-ын дарга Х.Энхжаргал хэний цэрэг вэ? Ерөнхий прокурор Энх-Амгалан хэний хяналт, шийдвэрээр ажилладаг вэ? Дамирангийн Энхбатыгалсан юм уу? Хүний аминд хүрсэн юм уу? Та үүнд тайлбар өгнө үү? (Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцаас асуув).
НЭР ДЭВШИГЧ Б.ХУРЦ: Миний өмнө эрхэлж байсан ажилтай холбоотой асуулт их асууж байна. Таны асууж байгаа хүмүүс бүгд хуулийн дагуу, ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Зарим асуудлаар нээлттэй хэлэх боломжгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: Нэр бүхий улстөрчид болон Тагнуулын байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хэрнээ таны хийсэн мэдэгдэл, хэлсэн зүйлс зэрэгтэй холбоотойгоор олон нийтийн эргэлзээг тайлах цаг болсон. Монголын төр ийм ноцтой асуудал гарч ирж байхад хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг нь ойлгохгүй байна. Хэн дуртай нь чи алуурчин, хүн алсан, алаагүй гээд маш олон эргэлзээ үүсгэж байна. Энэ эргэлзээг тайлахгүйгээр томилгоо хэлэлцэж байгаа нь буруу. Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшигчийн талаарх олон нийтийн дунд гарсан мэдээллийг юу гэж үзсэн талаар мэдээлэл өгөөч?
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ТЭГЖАРГАЛ: Засгийн газраас нэр дэвшигчийг томилох саналыг хэлэлцээд, дэмжсэн. Ерөнхийлөгч нэр дэвшигчтэй холбоотой бүх мэдээлэлтэй танилцаж, томилохыг дэмжсэн.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР: Засгийн газрын хуралдаанаар АТГ, хуулийн байгууллагаас тодорхой мэдээллүүд авсан. Энэ улс орны аюулгүй байдлын үүднээс бодлого гаргаад явах боломжтой. Тагнуулын ерөнхий газар гэх том байгууллагыг удирдаж байсан туршлагыг нь тооцоолж, томилгоог дэмжсэн.
УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА: БНСУ-д маш олон монгол хүн ажиллаж, амьдарч байгаа. Ялангуяа хараар ажиллаж байгаа, суралцаж байгаа хүмүүсийн визний асуудал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Монгол-Солонгосын соёлын дархлааг хамгаалах, эдийн засаг нийгэм харилцан ашигтай ажиллах ямар бодлого баримтлах вэ?
НЭР ДЭВШИГЧ Б.ХУРЦ: 40 гаруй мянган монгол иргэн БНСУ-д амьдардаг. Үүнээс 12 мянга орчим нь харласан гэсэн албан бус тоо бий. Хоёр тал визний асуудлыг аль болох хөнгөлөлттэй нөхцөлтэй болгох тал дээр жил бүр тодорхой алхам хийж ирсэн.
УИХ-ЫН ГИШҮҮН Я.САНЖМЯТАВ: Нэр дэвшигч хүчний байгууллагад олон жил ажилласан, монгол төрийн төлөө зүтгэж байсан хүн. Одоо бол та цэргийн байгууллагын тушаалаар ажиллах хүн биш учраас дипломат харилцаанд суралцаж, улсын төлөө тодорхой сайн алхам хийх байх гэж найдаж байна. Нээлттэй сонсголын үеэр нэр дэвшигч Б.Хурц одоо байгаа энэ олон эргэлзээ, үл ойлголцлоо нэг тийш болгоод, шинэ ажилдаа явсан нь дээр гэж бодож байна. УИХ-ын гишүүд хэлж буй үг хэллэгээ бодож, соёлтой баймаар юм. Арай л хэтрээд байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД: Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого, тэр дундаа АНУ, Франц, Япон зэрэг улс орнуудын харилцаанд хэрхэн анхаарал хандуулж, ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ? Монгол төр ийм марзан болсон юм уу? Монголын төрийн гадаад бодлого цаашид нэг цонхоор явах уу? Нэр дэвшигч Б.Хурц дипломат албан тушаалд очиж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Өмнө нь та хариулах боломжгүй, хариулахгүй байж болдог ажил, албан дээр байсан бол одоо хариулахаас өөр аргагүй болсон шүү. Дипломатчийн хувьд хариулт өгөх шаардлагатай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Н.ТЭГЖАРГАЛ: АНУ, Франц, Япон зэрэг орнууд Монгол Улсын гуравдагч хөрш хэвээр байх, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого баримталж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ: Бид Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд томилох асуудлыг хэлэлцэж байгаа ч ийм их хэл ам дагуулсан хүнийг заавал Элчин сайдаар томилох шаардлага байна уу? Өөр нэр дэвшигч байсан уу?
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР: Гадаад харилцааны яаман дээр өөр нэр дэвшигчийг судлах асуудал байгаагүй. Элчин сайд бол зохих бүх түвшинд яригдаж байж, шат дамжлага давдаг томилгоо. Нэр дэвшигчийг дипломат алба, гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүн гэж үзэж, нэр дэвшүүлсэн. Өөр нэр дэвшигч яригдаагүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ