Ливид хүнийг 400 ам.доллараар худалджээ

Ливид хүнийг боолчлохоор 400 ам.доллараар худалдаж буй бичлэгийг CNN агентлаг нийтэлжээ. Энэхүү бичлэгт хүн худалдаалагч этгээд хоёр нигер эрийг 800 динараас эхлэн үнийг дуудаж эхэлжээ.

Бичлэг хийж буй хүний царай харагдахгүй, зөвхөн гар нь харагдах бөгөөд нигер эрчүүдийг фермийн ажилд тохирох чадалтай, тэнхээтэй гэж ярих аж. Бичлэгийн мөрөөр CNN агентлагийн сэтгүүлчид Ливийн Триполи хотыг зорьж, хүний наймааны талаар сурвалжилсан байна.

Сэтгүүлчид хүнийг боол болгон худалдаалж буйг өөрсдийн нүдээр үзэж, тэдгээр хүмүүстэй ярилцах гэсэн боловч цочирдсоноосоо болоод ярих чадалгүй болж, харсан хүн болгоноос айж байсан гэнэ.

Иргэний дайны хөлд нэрвэгдсэн Ливээс жилд хэдэн арван мянган хүн дүрвэж, сайхан амьдралын эрэлд мордон, Европыг зорьдог. Европын аль нэг эрэгт хүрэх замын зардалд тэд байгаа бүхнээ зардаг ажээ. Гэвч Ливийн Засгийн газар дүрвэгсдийг Европт хүргэнэ хэмээн амлаж, далайгаар тээвэрлэн худалдаалдаг гэмт хэргийг таслан зогсоох арга хэмжээ авч эхэлснээс хойш энэ төрлийн гэмт хэргийн арга заль улам нарийсч эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ