Б.Хурц Элчин сайд болж чадах уу?

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хэлэлцэх учиртай. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Б.Хурцтай холбоотой хурц мэдэгдлүүдийг хийж байсан ч Элчин сайдаар томилогдох асуудалд нэг ч үг дуугарсангүй. Түүний хувьд Б.Хурцын талаар үг “хаяхгүй” байгаа нь Элчин сайдаар томилох асуудалд дургүйцэхгүй байгаа бололтой.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ажлаас нь чөлөөлөх Засгийн газрын шийдвэр энэ сарын 1-нд гарсан. Чөлөөлсөн шийдвэрийн дараа маш хурдан хугацаанд шууд л БНСУ-д Элчин сайдаар томилох асуудал яригдаж эхлэв.

Уг явдал болсноос хойш Б.Хурцыг эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийсэн ганц гишүүн нь Ж.Батзандан. Тэрээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хууль бусаар хүнийг гаднын орноос хил дамнуулж авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлыг дэлгэж, УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж тайлбар хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Гэсэн ч Ж.Батзандангийн энэ мэдэгдлүүд Б.Хурцын хувьд тийм ч ноцтой асуудал биш байсан бололтой. БНСУ-д Элчин сайдаар томилогдох асуудал нь ногоон гэрлээр шийдэгдэж мэдэхээр байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох Засгийн газрын саналыг хүлээн авсан юм.

Харин Ж.Батзандан гишүүн Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар гишүүдээс гарын үсэг зуруулаад эхэлжээ. Хэрвээ 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-аар нээлттэй сонсгол явуулах аж. Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нэр төрд халдсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгчээ.

Б.Хурцын хувьд одоо УИХ-ын чуулган гэсэн давааг давчихвал Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдоно гэсэн үг.Тэгэхээр байдал хэрхэхийг харж л сууя даа.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ