2017 онд 121 хүүхэд гэмт хэргийн золиос болжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хүүхэд хамгаалал, аюулгүй байдал болон 'Хилчин хотхон'-ы иргэдийн гаргасан гомдлын дагуу нээлттэй сонсгол зохион байгууллаа. Энэ удаа нээлттэй сонсгол зохион байгуулж, цаашид энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар бодит мэдээлэл цуглуулахын тулд нээлттэй сонсголыг хийж байгаа аж.

81 хүүхэд хүчирхийлэлд өртжээ

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд 2017 оны эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн халдлагад 1224 хүүхэд өртөж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20,5 хувиар өсчээ. Гэмт хэргийн халдлагад өртсөн хүүхдийн 177 нь долоо хүртлэх насны, 325 хүүхэд нь 8-13 насны, 485 хүүхэд нь14-17 насных бөгөөд 39,6 хувь нь эмэгтэй хүүхэд байна. Гэмт хэргийн золиос болж 121 хүүхдийн амь нас эрсэдсэн бол 544 хүүхэд бие, сэтгэл, санааны хохирол амссан гэсэн үзүүлэлттэй байна.

Эрүүгийн хуулийн 12.1-д заасан хүчиндэх гэмт хэрэг 2017 оны эхний есөн сарын байдлаар 857 гарч, насанд хүрээгүй 417 хүүхэд өртсөн тоон баримтыг цагдаагийн байгууллагаас нээлттэй сонсголын үеэр танилцууллаа. Бага насны буюу насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гэр бүл, садан төрлийн хамааралтай 81 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс төрсөн эцэгтээ 12, төрсөн ах хоёр, хойд эцэг 41, хүргэн ес, төрөл садандаа 17 хүүхэд хүчиндүүлсэн гэжээ. Мөн Хүүхдийн тусламжийн утас 108 утсанд 212 хүүхдэд яаралтай тусламж үзүүлж, түр хамгаалах байраар үйлчлүүлсэн байна.

'Хилчин' хотхоны 672 өрх инженерийн шугам холбогдоогүй байна

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны 'Хилчин' хотхоны 168 айл, өрхийн 672 иргэдээс ирүүлсэн цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбуулах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт иржээ.Иргэдээс ирсэн өргөдлийн дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, Барилга хот байгуулалтын сайд, Хотын дарга болон холбогдох албаныханд албан бичиг хүргүүлсэн байна.

Хилчин хотхон орчмын 11 га газрыг газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц бүхий шинэ хороолол болгохоор 2013-2016 оны нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагджээ. Мөн тус хотхоныг “Атмор” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Монгол дайван” компани ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар Хилчин хотхоны 168 айлын нэг нь ч халуун, хүйтэн, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй байхад гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 85 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн гэж мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл гэлээ. Тиймээс барилгын гүйцэтгэгч компани ямар шалтгаанаар инженерийн шугам сүлжээг барих ажлыг хийгээгүй талаарх мэдээллийг цаашид Өргөдлийн байнгын хороо шийдвэрлэхээр ийнхүү нээлттэй сонсгол сонслоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ