Манай боксчид залуучуудын ДАШТ-д оролцоно
Боксын үндэсний шигшээ багийн тамирчид Японы Шизүока мужийн Шимада хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаад, өнөөдөр /2017.11.13/ эх орондоо ирж байна.
Боксын холбоо арванхоёрдугаар сарын 7-10-нд шилдэг тамирчдынхаа дунд тэмцээн зохион байгуулах гэж байгаа аж. Үүний өмнө буюу энэ сарын 19-26-нд Энэтхэгт болох эмэгтэйчүүдийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид оролцоно.
Дашрамд дуулгахад, энэ оны гуравдугаар сард боксын шигшээ багийн зарим тамирчид цугларалтын үеэр бэлтгэлийн байрнаас гарч явсан шалтгаанаар Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү, Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нарын боксчдыг Үндэсний шигшээ багаас хассан. Зургаан сарын хугацаа заасан шийтгэвэр дуусч, шаардлагатай гэж үзвэл тамирчдыг шигшээ багт эргүүлэн авах боломж нээгджээ.
Үндэсний шигшээ багийн алба тамирчидтай жилийн хугацаатай гэрээ байгуулж, шигшээ багийн харьяалалд багтах эсэхийг шийддэг болсон. Тэгэхээр үндсэндээ дээрх нэр бүхий боксчдын асуудлыг шинэ онд шийдэх бололтой. Мөн арванхоёрдугаар зохион байгуулах шилдэг боксчдын тэмцээн шигшээ багт сонгон шалгаруулах тамирчдын сонголтод нөлөөлнө гэж Монголын боксын холбоо үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ