Гавьяат тамирчин Л.Энхбаяр агсны нэрэмжит тэмцээн боллоо

“Будапешт-1985” ДАШТ болон “Найрамдал-1984” Сайн санааны тоглолтын хүрэл медальт, 1981 оны залуучуудын Азийн аварга, “Интернационал”, Социалист орнуудын нийгмийн аюулаас хамгаалах байгууллагуудын “Нөхөрлөл” ОУТ, улсын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Увс аймгийн Сагил сумын харьяат, улсын начин Лувсангийн Энхбаяр агсны нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн олон хотын тэмцээн арваннэгдүгээр сарын 4-5-нд Увс аймгийн төв Улаангом хотын Спортын ордон боллоо. Увс аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан алдарт бөхийн тэмцээнд Увс, Төв, Завхан, Ховд, Баян-Өлгий, Орхон аймаг, нийслэлийн “Арслан”, “Төгс” клубийн 300 гаруй тамирчин Увсын төв хязгаарт хөвгүүд, охидын тус бүр 10 жинд өрсөлдөв. Тэмцээнийг олон улсын гуравдугаар зэргийн шүүгч, чөлөөт бөхийн ОУХМ М.Баярсайхан удирдан явуулсан бөгөөд Лу.Энхбаяр агсны гэргий Д.Алтанцэцэг, төрсөн дүү Монгол улсын начин Л.Өлзийбаяр нар хүндэт зочдоор оролцсон юм.

Тэмцээний багийн дүнг хөвгүүдээс Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймгийн БТСГ 78 (5 алт, 2 мөнгө, 2 хүрэл) оноогоор тэргүүлж, Т.Буянт дасгалжуулагчтай Увс аймгийн хоёрдугаар цогцолбор сургууль 52 (4 алт, 1 хүрэл), спортын мастер Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн баг 46 (хоёр мөнгө, таван хүрэл) оноогоор удаалав. Охидын ангилалд Д.Гомбожав дасгалжуулагчтай Увс аймгийн БТСГ 72 (3 алт, 3 мөнгө, 3 хүрэл), С.Банзрагч дасгалжуулагчтай Увс аймгийн Наранбулаг сум 30 (1 алт, 1 мөнгө, 2 хүрэл), ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймгийн баг 28 (2 мөнгө, 2 хүрэл) оноогоор эхний гурван байрыг эзэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ