“Их нүүдэл” тэмцээний аваргууд тодров

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээний аваргууд өнөөдөр тодорлоо.

Энэхүү тэмцээний нэгдүгээр шатанд Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 6187 бүлгийн 30 мянга гаруй сурагч оролцсон байна. Үүнээс хоёрдугаар шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9-н дүүргийн 93 сургуулийн 2232 хүүхэд үлдээд байсан юм. Харин нийслэлийн шигшээ тэмцээнд 9 есөн дүүргээс шалгарсан 17 багийн 408 хүүхэд шалгарч, өнөөдөр уран нүүдэл, оюун ухаанаар өрсөлдөн аварга шатарчин баг, сургуулийг тодрууллаа.

Өсвөрийн шатарчдын тэмцээний аваргаар МУ-ын гавьяат багш Н.Лхагва ахлагчтай БГД-ийн “Монгени” цогцолбор сургуулийн шатарчид шалгарлаа. Хоёрдугаар байранд Н.Энхбат ахлагчтай БЗД-ийн 33 дугаар сургуулийн хамт олон шалгарсан бол н.Бум-Эрдэнэ ахлагчтай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн баг тамирчид гуравдугаар байрыг эзэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ