Ерөнхийлөгч бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮХАҮТ-ын танхимын дарга М.Оюунчимэг тэргүүтэй тус танхимын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, бизнесийн орчны өнөөгийн байдал, тулгараад байгаа асуудал бэрхшээл, шийдвэрлэх гарц боломжийн талаар санал солилцжээ. Ерөнхийлөгч хэлэхдээ, “Өмнөх дөрвөн Ерөнхийлөгч нар улстөрч хүмүүс байсан. Миний хувьд төрд ажилласан жилээс илүү бизнес эрхэлсэн туршлага арвин, энэ салбарын жаргал зовлонг сайн мэдэх учир та бүхэнд ойр санагдах болов уу. Татвар, зээлийн бодлого гээд Монголд бизнес эрхлэхэд тулгараад байгаа бэрхшээлийг улстөржихгүй, намаар талцалгүй хамтдаа хэлэлцэж, гарц олъё, Монгол хэмээх баян хэр нь ядуу улсыг хөгжүүлэхийн тулд яах ёстойг хамтдаа хэлэлцье, гэхдээ зовлон бэрхшээл биш шийдэл ярилцъя” гэлээ.

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг бизнес эрхлэгчдийн хүсэлтийг хүлээн авч, цаг зав гарган уулзаж буй Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд бизнесийн орчныг сайжруулахад шаардлагатай бодлогын дэмжлэг, арга хэмжээний талаар хэд хэдэн тодорхой санал хэллээ. Тухайлбал, Үндэсний манлай аж ахуйн нэгжүүдээдэмжсэн, тэдний үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх тусгай хөтөлбөртэй болох шаардлагатайг онцлов. Мөн дотоодын үйлдвэрлэгчээ хамгаалсан хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр дэвшүүлж буй саналуудаа танилцууллаа. Түүнчлэн экспортыг хөгжүүлэх стратегитай болох талаар олон жил ярьж байгаа ч өнөө хэр экспортыг нэмэгдүүлэхийн тулд урт хугацаанд төлөвлөсөн бодлого стратеги байхгүй байгааг анхааралдаа авахыг хүслээ.

Ерөнхийлөгч энэ мэт тодорхой гарц шийдэл бүхий саналуудыг бичгээр хүлээн авч, холбогдох зөвлөхүүдийг оролцуулан шийдвэрлэхээ амлалаа. Уулзалтад МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийг төлөөлж Нью жуулчин турс ХХК, Номин холдинг, Мобиком зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжийн захирал, удирдах ажилтан оролцов. Тэд ч мөн өөрсдийн бизнест тулгараад байгаа асуудлууд, тодруулбал банкны зээлийн хүүг бууруулах, арилжааны биш аж үйлдвэрлэл эрхлэх зээл олгодог болох, татвартай холбоотой зарим хуульд өөрчлөлт оруулах, салбарын холбоодыг цэгцэлж хүчирхэгжүүлэх шаардлагатай байна гэхчлэн дуу хоолойгоо хүргэлээ. Энэхүү уулзалтад Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Алтанхуяг, зөвлөх З.Энхболд нар байлцаж, тус тусын чиглэлээр мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ