Лондоны метронд бөмбөг дэлбэрчээ

Лондон хотод террор ажиллагаа үйлджээ. Тодруулбал, өглөө эрт оргил ачааллын үед метроны “Parsons Green” станцад дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтэд 22 хүн өртсөн бөгөөд тэсрэх хоёр бөмбөг байсан нь тогтоогдсон байна. Хоёр дахь бөмбөгийг метроноос илрүүлж, цаг алдалгүй аюулгүй болгожээ. Сэжигтэн хэн болохыг тогтоохоор цагдаа нар эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Дахин халдлага үйлдэж магадгүй тухай мэдээлэл гарснаас болж улс оронд аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн арга хэмжээ авчээ.

Утас цухуйсан хуванцар хувингаас утаа уугиж байсан нь метронд дэлбэрсэн тэсрэх төхөөрөмж мөн бололтой. Энэ удаа метроны зорчигдод зүгээр л аз таарлаа гэж шинжээчид үзэж байна. Учир нь бөмбөг бүрэн дэлбэрээгүй аж. Гэвч 22 хүн түлэгдэж, түүний дотор 10 настай жаал хүү тусламж авахаар Лондоны эмнэлгүүдэд хандсан байна.

Британийн ерөнхий сайд Тереза Мэй дэлбэрэлт болсны дараа “Кобра” нэртэй онцгой байдлын хороог яаралтай хуралдуулж, дахин террорын ажиллагаа үйлдэх аюул байгаа тухай мэдэгдсэн байна.

Ийнхүү Их Британи болон Европ байнгын түгшүүрийн нөхцөлд аж төрж байгаа юм. Лондоны метрог дэлбэлэхээр оролдсоноос хойш хэдхэн цагийн дараа Парис хотод хутга барьсан хэт даврагч үзэлтэн франц цэрэгт халджээ. Мөн Лион хотын ойролцоох жижигхэн хотхонд үл таних этгээд “Аллах акбар” хэмээн хашгирч, хажуугаар өнгөрсөн хүмүүс рүү алх барин дайрчээ. Тэрээр нэг эмэгтэйг шархдуулж, өөрөө зугатаж амжсан байна.

Эдгээр түгшүүрт хэрэг явдал өөр хоорондоо шууд холбоогүй байж болох ч Европт террорын нууц дайн болж буйг илтгэн харуулж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ