Умард Солонгос пуужин харвахаар бэлтгэж байна

Умард Солонгос ойрын өдрүүдэд пуужин харвахаар бэлтгэж буйг АНУ-ийн тагнуулын албаныхан бүртгэж авсаныг NBC News суваг мэдээлжээ.

Энэ талаар цэргийн дээд тушаалын гурван хүний хэлснээр, сүүлийн 48 цагийн хугацаанд БНАСАУ-ын нутаг дэвсгэрт пуужин харвах хөдөлгөөнт төхөөргүүдийг шилжүүлэн байрлуулж, харвах байрлалыг бэлтгэж буй нь ажиглагдсан байна.

Даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг санал нэгтэй дэмжсэн билээ. Тив хоорондын баллистик пуужинд суурилуулах зориулалттай устөрөгчийн цэнэгт хушууг амжилттай туршсан тухайгаа есдүгээр сарын 3-нд БНАСАУ мэдэгдсэн. Үүнээс долоо хоногийн өмнө Умард Солонгос баллистик пуужин туршиж, энэ нь Японы нутаг дэвсгэр дээгүүр нисч өнгөрсөн байна.

Ким Чен Ун чухам юу хүсээд байна вэ? АНУ-д халдах бодолтой байна уу, эсвэл үл довтлох тухай гэрээг тус улстай байгуулахыг хүсч байна уу? гэсэн асуулт зүй ёсооргарч ирж байна.

Товчхон хэлэхэд, Умард Солонгосын дэглэм яаж тэсч үлдэх тухайд л санаа зовж байх шиг.Энэ зорилгоор тэд өөрийн цэргийн чадавхийг зүйл бүрээр зузаатгаж байгаа хэрэг. Мөн Умард Солонгос хоёр талын харилцааг хэвийн болгохыг АНУ-д эртнээс санал болгож ирсэн. Тус хоёр орон дипломат харилцаагүй бөгөөд галыг түр зогсоох тухай хэлэлцээр 1953 оноос үйлчилж, энэ хэлэлцээр хоёр улсын харилцааг одоог хүртэл зохицуулж байгаа билээ.

Пхеньяны эрх баригчид түр хэлэлцээрийг урт хугацааны энхийн гэрээгээр солихыг хүсч байвч, Америкчууд элдэв шалтагаар ингэхээс татгалзаж байгаа юм. Хүсч байгаагаараа аж төрөхөд бидэнд битгий саад хийгээч гэдэг нь тэдний бодлогын мөн чанар, лоозон болж буй нь мэдээж.

Ким Чен Ун Югославын Милошевич, Иракийн Хусейн, Ливийн Каддафи нарын араас орохыг хүсэхгүй байгаа. Тэд Сирийн байдлыг харж, хэрэв Орос туслаагүй бол Асад хэдийнэ өөр газарт байхыг мэдэж буй. Хэрвээ дуулгаваргүй дэглэмүүдэд зохих хариу няцаалтыг өгч чадахгүй бол, өрнөдийнхөн тэдэнтэй ёсорхоод байдаггүй жишээ зөндөө бий.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ