Агаарын бохирдлыг төвлөрөлтэй холбоотой гэв
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсакийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Элизабет Барсак Монголын хөдөө орон нутгаар аялж сэтгэл дүүрэн ирснээ яриад “Монгол өргөн уудам нутагтай ч Улаанбаатарт хүн ам хэт төвлөрсөн, тээврийн хэрэгсэл олон. Газар нутгийн зохион байгуулалтын асуудал энд харагдаж байна” гээд Францад 1950-иад оны эхээр мөн ийм байсан.Бүхэл бүтэн бодлого боловсруулж, Парис хотоос гадагш жижиг дагуул хотууд байгуулж төвлөрлийг сааруулсан. Өвлийн улиралд Улаанбаатарт агаарын бохирдол их байдаг нь мөн төвлөрөлтэй холбоотой хэмээж байлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Таны өмнөх Элчин сайдтай бид ХАА, спортын чиглэлээр хамтарч ажиллаж байсан. Сая таны хэлдэг бүхэн бүгд үнэн. Төвлөрлийг сааруулж байж эдгээрийг арилгана.
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын харилцаа урт удаан хугацааны түүхтэй боловч харамсалтай нь худалдаа, эдийн засгийн харилцаа жил жилээр буурч байна” гээд эдгээр салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар Элчин сайдтай санал солилцон ярилцлаа.
Элчин сайд Элизабет Барсак ХАА-н салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ЭСЯ-ны хийх чухал ажлын нэг гэдгийг онцлоод энэ талын харилцааг хөгжүүлэх бодитой боломж бий гэлээ. Франц Улс нь ХАА-н үйлдвэрлэлээр Европт нэгдүгээр ордог юм байна. Мөн ноолуурын салбарыг тогтвортой хөгжүүлэх, цөлжилттэй тэмцэх хэрэгтэйг Элчин сайд дурдсан юм.Монголд Франц-Монголын хамтарсан сургууль байгуулах төсөл хэрэгжиж, Монгол Улсын ГХЯ, БСШУЯ, Францын ЭСЯ-ны хооронд уулзалт, яриа болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ ажлыг идэвхжүүлж сургуулийг нээх шаардлагатайг тэмдэглэв. Тэрээр Монголд олон айл хүүхдэдээ франц хэл сургах хүсэлтэй байдаг хэмээсэн юм.
Уулзалтын үеэр Элчин сайд Элизабет Барсак Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэн Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макроны илгээсэн захидлын эх хувийг гардуулав. Мөн Францын Үндэсний Ассамблей дахь Франц-Монголын бүлгийн даргын мэндчилгээг гардуулсан юм.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Францын улс төр, бизнесийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ