Д.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байна

УИХ дахь Ардчилсан Намын Бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой асуудлаар Боловсролын сайд Г.Чулуунбаатарын мэдээллийг сонссон.

Боловсролын салбарын хувьд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн ажил боломжийн хэмжээнд явагдаж байна. Гэхдээ төрийн нэгдсэн бодлого энэ салбарт дутагдаж байгааг бид Г.Чулуунбаатар сайдад хэлсэн. Энэ нь төрийн бодлогогүй байдлаас болоод боловсролын салбарын өдөр тутмын үйл ажиллагаа хүндэрч яам өөрөө материал, техникийн баазыг хангадаг төдий болчихсон.

УИХ гишүүд болгон өөрийнхөө сургууль, цэцэрлэгийг нэхдэг ийм байдал байнга үргэлжилбэл бид бодлогынхоо хүрээнд үйл ажиллагаа цаашдаа явуулж чадахгүйг хэд хэдэн жишээгээр тайлбарласан. Цаашдаа Боловсролын яам боловсролын систем, боловсрол, технологи, инновацийн тухай хуулийг өөрчилж, чанартай боловсон хүчинг бий болгох шаардлагатайг гишүүд сануулсан. Бас нэг асуудал нь багшийн хөгжлийн тухай хууль боловсролын суурь түвшнээс муудсан.

Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй үед багш нарын улсаас олгодог тэтгэмж, нэмэгдлүүдийг хассан заалт орж ирсэн нь буруу гэж үзэж байгаа. Тиймээс салбарын яамтай хамтарсан ажлын хэсгийг байгуулж, багшийн хөгжлийн хуулийг багшийн хөгжилд нийцүүлэх шинэ ажлын хэсэг гаргах нь зүйтэй” гэлээ.

Тэрбээр мөн алслагдсан аймгуудаас ирж байгаа оюутнуудын дотуур байрны асуудал, хотод харьяалалгүй оюутнуудын эрүүл мэндийн асуудал, хотод эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн юм.

Эрчим Хүчний Салбарт өвөлжилтийн бэлтгэл хангалттай явагдаж байгаа ч, салбарын цаашдын бодлогыг зөв боловсруулж, ард иргэдэд ойлгомжтой болгох ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна.

Эрчим хүчний дутагдлыг хэрхэн нөхөх тухай асуудлаар цаашдаа дулаан, эрчим хүчний шинээр байгуулагдах байгууламжийн тухай нэгдсэн, тодорхой мэдээлэл өгөх хүсэлтийг гаргаж, аймгуудын дулааны асуудлыг түргэн шийдвэрлэх хүсэлтийг гаргасан байна.

ХХААХҮЯ хувьд энэ жил зуншлага оройтсоноос шалтгаалан хадлан, тэжээлийн хомстолд улс даяар орж байгаа аж. Иймээс хадлан тэжээлийн нөөцийг бэлтгэхэд онцгой санхүүгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажилд Засгийн Газраас онцгой анхаарах ёстой гэж үзжээ.

Мөн махны экспорт, малыг эрүүлжүүлэх тухай асуудлыг ярилцсан байна. Өвөлжилтийн мэдээлэлтэй холбоотой Сангийн Яамны хөрөнгийн нөөц ямар байгаа талаар ярилцсан бөгөөд Сангийн яамны дэд сайд хөрөнгийн боломж бол байгаа ч төсвийн тодотголд оруулахгүй мөнгө шилжүүлэхгүй байна гэсэн мэдээллийг өгсөн аж.

УИХ-ын АН-ын бүлэг өмнөх хуралдаанаараа хүүхдийн мөнгөтэй холбоотой хуралдуулах шаардлагыг УИХ-ын даргад өгсөн боловч өнөөдрийг хүртэл бидэнд хариу өгөөгүй учир дахин шаардана гэдгээ мэдэгдсэн байна.

Хүүхдийн мөнгөний 160 тэрбум төгрөг олгогдоод дууссан гэсэн мэдээлэл бөгөөд есдүгээр сар, аравдугаар сард 110 тэрбум төгрөгийн дутагдалд орох учраас хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байгаа аж.

Тийм учраас ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж мөнгөний эх үүсвэрийн тухай асуудлыг шийдэхгүй бол хүүхдийн мөнгө тасалдах хэмжээнд хүрч болзошгүй гэж Ардчилсан Нам үзэж байна гэсэн юм.

Мөн Сангийн яамтай валютын ханштай холбоотой асуудлын талаар ярилцсан бөгөөд яамны мэдээллээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдсэн ч валютын ханш саараад байгаа асуудлыг зайлшгүй дүгнэх ёстой гэх шаардлагыг тавьсан аж.

Мэдээллийн төгсгөлд АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан хувийн сургуулийн төлбөр, цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа асуудлын талаар ярьсан юм.

АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан “Их дээд сургуулийн оюутны төлбөрийг нэмэхгүй байх шийдвэртээ хатуу зогсохыг бид сануулсан. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед оюутны сургалтын төлбөрийг нэмэх нь эцэг эхчүүдэд, өрхийн амьдралд хүндээр тусна.

Мөн цэцэрлэгийн хомсдлын асуудлыг анхааралдаа онцгойлон авах чиглэлийг өгсөн. Одоогоор Монгол Улсад 700-800 цэцэрлэг шаардлагатай байна. Жилдээ 30-40 цэцэрлэг барьдаг ба хүүхдүүдийг бүгдийг цэцэрлэгт хамруулахын тулд энэ хэвээрээ цэцэрлэг баривал ойрын 200-300 жилд боломжгүй асуудал. Нэг цэцэрлэгийг ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн зардлаар барьдаг.

Харин түрээсийн цэцэрлэг ажиллуулбал, нэг цэцэрлэг барих хөрөнгөөр 10-20 түрээсийн цэцэрлэг ажиллуулах боломжтой гэж Ардчилсан Намын бүлэг харж байгаа. Хувийн хэвшил, иргэдтэйгээ хамтарч ажиллах хүсэлтийг бид Боловсролын Яам-д өгсөн.

Дараагийн асуудал нь хувийн сургуулийн төлбөр хяналтаас гарч байна. Дэлхийн өөр улс оронд манайх шиг үнэтэй хувийн сургууль гэж байхгүй.

Ардчилсан Намын Бүлэг үүнийг эсэргүүцэж хувийн сургуулийн төлбөрийг хуулиар шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ