Ц.Мөнх-Оргил Катарын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Катар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Султан Салмиин Саид Аль-Мансури-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Катар Улсын Гадаад хэргийн сайд Мохамед Бин Абдулрахман Аль-Тани-гийн мэндчилгээг уламжилж, Катар Улс Азийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. Тэрээр манай хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг идэвхтэй хэрэгжүүлэх, энэ хүрээнд хөрөнгө оруулалт хийхийг онцлов.

Мөн Катарын тал байнгын ЭСЯ-аа нээх сонирхолтой байгааг илэрхийлэв. Сайд Ц.Мөнх-Оргил Катарын талаас хөрөнгө оруулалт хийхийг урьж, дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр тал батлан хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх аж.

Монгол, Катарын хооронд 1998 оны 1 дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосон. Тус улсын засгийн газраас 2006 онд манай орны “Мянганы зам” төсөлд зориулж 10 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон юм. Буцалтгүй тусламжийг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн Хануйн гүүрээс Тариат чиглэлийн 65 км хатуу хучилттай замыг барихад ашигласан байна.

Энэ оны эхний 7 сард Катарт 17.4 мянган ам.долларын бараа экспортлож, Катараас 201.3 мянган ам.долларын бараа импортложээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ