Туркменстан улсаас байгалийн хий нийлүүлэх боломжтой гэв

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Туркменстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чинар Таджиевна Рустамоваг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ 2017 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, ирэх дөрвөн жилд Монгол Улс, Туркменстан Улсын уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Туркменстан улс байгалийн баялгаа зохистой ашигладаг туршлагыг Монголын тал анхаарч үзэх, тус улс сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, 134 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх том төслүүд зарлаж байгаа нь мөн анхаарч судлахуйц ажил мөн гэдгийг тэмдэглэв.

Туркменстан улсын талаас Монгол Улсад БНХАУ-ын нутгаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх боломжтой, мөн манай улсаас мах авах боломжтой зэрэг ажил хэрэгч саналуудыг илэрхийлж байв. Монголын ноолууран бүтээгдэхүүн ч гадаад зах зээлд эрэлттэй байгааг Элчин сайд Ч.Рустамова онцолсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга бизнесийн салбараас төрсөн хүн Монгол Улсын Төрийн тэргүүн болсны хувьд Туркменстаны талаас ажил хэрэгч саналууд тавьж буйд талархал илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ч.Рустамова Туркменстан улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов, Ерөнхийлөгч Х.Баттулгыг тааламжтай цагтаа Туркменстан Улсад айлчлахыг урьсныг уламжлав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ