Н.Номтойбаяр: Тэр үйлдвэрийг барих чадамжтай компани Монголд байхгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтийг танай яам хүлээн авдаг. Гэтэл танд хамааралтай компани нэлээд олон тэрбум төгрөгийн хөнгөлөлт авч байгаа. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа юм биш үү?

-Би та хэдэд нэг зарчим ярья. Монгол Улсад хийж бүтээж байгаа бүх аж ахуй нэгж компанийг дэмжинэ. 2015 оны хоёрдугаар сард гарсан Засгийн газрын 41 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 41 дүгээр тогтоолтой танилц. Импорт орлох, экспорт луу чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй жишээ нь нарийн мэргэжил шаардсан нөхцөлд төлбөрөөс хөнгөлж байгаа юм. Ийм хөнгөлөлт авах боломж бүх аж ахуй нэгжид нээлттэй. Түүнээс биш “Монполимет” юм уу МАК-д үйлчлээд байдаг шийдвэр биш. Ямар юмных нь ашиг сонирхлын зөрчил байдаг юм. Хуульд хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд шийднэ гээд заагаад өгчихсөн.

Тэгэхээр надаас өөр хэн оруулж ирэх юм. Би ажлаа л хийж байна. Энэ хөнгөлөлтийн асуудал бол хоёрхон компанийнх биш. Давхардсан тоогоор 200, давхардаагүй тоогоор 60 орчим компани байгаа. Зөвхөн сүүлийн дөрвөн жилд 20 компани хамрагдсан. Цаашид нээлттэй. Хүсэлтээ өглөө, асуудлыг манай яам судалж үзлээ, бусад яамдаас саналаа аваад шийднэ. Яамд дэмжсэн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар орж шийдвэрлүүлнэ. Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгч шийдсэн. Дахиад 4-6 компанийн хүсэлтийг судалж байгаа.

-Тэгвэл та бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд. Өөрөөр хэлбэл, монгол хүнийг чадавхжуулах үүрэг хүлээсэн гэсэн үг. Гэтэл хувийн компанидаа монголчууд хийж чадахгүй, нарийн мэргэжил шаардсан гэдэг шалтгаанаар гадны ажилтан авч байгаа нь хэр зохимжтой юм бэ?

-Цементийн үйлдвэрийн барилгад барууны технологийг эзэмшиж, тэр үйлдвэрийг барих чадамжтай компани Монголд байхгүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэртэй зүйрлэж болохгүй. Хөтөлийг монголчууд бариагүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр хэвтээ, хуурай технологи ашигладаг. Шал өөр. Эхлээд технологийн асуудлаа судлах хэрэгтэй. Дээр нь зөвхөн Хятадууд гэж яриад байх юм. Герман, Энэтхэгийн инженер техникийн ажилчид бий. Тэднийг ажиллуулснаар давхар монголчуудаа сургаж бэлтгэж байгаа юм.

-Өмнөх Засгийн газрын үед 100 ажилтан оруулж ирж байсан. Гэтэл энэ Засгийн газрын үед 1500 ажилтан байна гэхээр 15 дахин өсчихжээ. Яагаад ингэж нэмэгдсэн юм бэ?

-Зөвхөн цемент шохойн үйлдвэрээс гадна газрын тосны хайгуул хийх зорилготой ажилчид бий. Хайгуулын чиглэлээр хөнгөлөлт эдлүүлдэг. Яагаад гэхээр газрын тосны чиглэлээр хайгуулын үр дүн амжилттай гарвал улс орны эдийн засаг, аюулгүй байдалд дэмтэй. Тэр үүднээс газрын тос, зэсийн хайгуул хийх хүсэлтэй компаниуд хамрагдаж болдог.

-МАК компани хөнгөлөлт эдэлж байгаа нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд хувьд хэр ёс зүйтэй асуудал вэ.Та бусдад үлгэр дууриалал үзүүлээд, хөнгөлөлт чөлөөлөлтөөс татгалзах боломж байхгүй юу?

-Та хэд өөрсдөө шүүн тунгаа. Энэ компани чинь Монгол Улсын төлөө бүтээн байгуулалт хийж байна. Ямар өнцгөөс асуудалд хандаж байгаа нь чухал. Тэгвэл цементийн үйлдвэр барихаа болиод Хятадаас жилд 120 сая ам.долларын цемент худалдаад авья л даа. Энэ үйлдвэр баригдвал 750 ажлын байр бий болно. Жилд 130 орчим тэрбум төгрөгийн татварын эх үүсвэр шинээр нэмэгдэж байгаа юм.

-Тэгэхээр та хөнгөлөлт авах нь зөв гэсэн байр суурьтай байна гэж ойлгож болох уу?

-Зөв. Бүх компаниуд хөнгөлөлт авах эрх нээлттэй. Монголын төлөө хийж байгаа бүх компанийг хуулийн дагуу дэмжинэ. Үүнд МАК орно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ