Дэд сайдын өрсөлдөөнд хэн нь бялуу хүртэх вэ?
МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хурлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын асуудлыг хэлэлцсэн.
Дэд сайдын суудалд УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуун, Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Очбадрах нарын хүмүүс яригджээ.
МАН-ын дарга М.Энхболдын зүгээс Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулууныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилохыг дэмжсэн нь УИХ дахь МАН-ын бүлгийн 10 гаруй гишүүдийн эсэргүүцэлтэй тулжээ. Тэд УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг Уул уурхайн дэд сайдаар томилохыг хүсч буй бөгөөд энэ талаарх албан бичгийг намын даргадаа илгээсэн байна.
Н.Төмөрхүүгийн хувьд “Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан гээд намд ажиллаж байсан нэлээд зузаан намтартай. “Тусгаар тогтнолын ордон”-г барьсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа. Тус компани нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, зам гүүр угсралт, харуул хамгаалалт зэрэг 10 гаруй чиглэлээр ажиллаж байгаа гээд багагүй орлоготой нэгэн. 2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт МАН-аас С.Чинзоригийн хамт нэр дэвшиж байсан.
Харин Д.Загджавын тухайд УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН илт давуу ялалт байгуулж байх үед Хан-Уул дүүргийн Засаг дарга болж байсан. Энэ удаад түүнийг аль нэг агентлагийн даргаар очих болов уу гэсэн таамаг байсан ч намаасаа “шагнал”-ын албан тушаалаа аваагүй байгаа цөөхөн хүний нэг аж. Тиймээс тун удахгүй Н.Төмөрхүү, Д.Загджав нарын хэн нэг нь албан тушаалын “бялуу” хүртэх нь тодорхой боллоо.
Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Н.Төмөрхүүг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлж, Засгийн газарт өргөн барисан бол одоо Засгийн газрын хуралдаанаар энэ томилгооны асуудал эцэслэгдэх учиртай.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ