18 хувийн хүүтэй зээлтэй иргэд шинээр зээл авахдаа 15 хувь руу шилжинэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, шийдвэрийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-өөс тэтгэвэр авах иргэн өөрсдөө үйлчлүүлэх банкаа сонгодог болох шийдвэр гаргасан. Үүнээс өмнө Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэврийг ““ХААН”” болон Төрийн банкаар дамжуулан олгодог байжээ. Харин иргэд тэтгэврээ хүссэн банкаараа авдаг болох нь арилжааны банкууд үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, үйлчилгээгээ сайжруулах гэх мэтээр шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой аж. Одоогоор 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгосон байна. Тодруулбал, шинээр тэтгэвэр тогтоолгосон зургаан мянга гаруй хүн өөрсдөө банкаа сонгосон бол урьд нь тогтоолгосон таван мянга гаруй хүн Төрийн банк, “ХААН” банкнаас шилжиж өөр банк сонгожээ. Тэгэхээр аль банк нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд үйлчилж байна, тэрэнд нь Банкны тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийг удирдлага болгоод Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тухайн зээлийн эргэлт, зээлийн багцтай нь уялдуулж байршуулж байгаа аж. Жишээ нь, Төрийн банк, “ХААН” банкинд 45 тэрбум төгрөг байршуулжээ.
Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдөр хэрэгжиж эхлээд байна. Тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулсан нь зөвхөн эхлэл бөгөөд ХНХЯ-наас цаашид хүү бууруулах асуудлаар шат дараалсан ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн цаашид бага хүүтэй зээлийг бусад арилжааны банкуудаар дамжуулан авах боломжийг судалж байгаа юм байна. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг “ХААН” болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулжээ. 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа тэтгэврийн зээлийн хүү 15 хувь болж байгаа юм. Харин одоо 18 хувийн хүүтэй зээл авсан иргэд зээлээ төлж дууссаны дараа шинээр зээл авахдаа 15 хувь руу шилжинэ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 557 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад есөн хувийн хүүтэй хадгалуулж байсныг 15 хувь болгох шийдвэр гаргажээ. НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс 58 тэрбум төгрөгийн хүүг улсын төсөвт төвлөрүүлдэг байсныг 61.6 хувь буюу 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн юм байна. Тооцож байгаа 15 хувь, тухайн банктай маржинаа харилцан тохиролцоод дөрөв болвол 11 хувиар, тав болвол 10 хувиар байршуулах замаар шийдэх гэнэ.
Улсын хэмжээнд 378 мянган иргэн тэтгэвэр авдаг аж. Шинээр тэтгэвэр тогтоох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх аян энэ долоо хоногт эхэлсэн бөгөөд одоогоор хоёр аймаг, нэг дүүрэгт хэрэгжжээ. Аяны хүрээнд тэтгэвэр тогтоолгохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал байдаг нь үнэн гэдэг нь батлагдаж байгаа гэнэ.
Сайд Н.Номтойбаяр өнөөдрийн мэдээллийнхээ төгсгөлд иргэд тэтгэврээ үнэн, зөв тогтоолгосон эсэхээ нягтлуулахын тулд харьяа газрын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд хандаж болохыг дуулгалаа.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ