Трамп Оростой цөмийн зэвсгийн талаар тохиролцохыг санал болгов

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Оросын эсрэг Өрнөдийн авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх тухай хэлэлцээний хүрээнд Орос улстай цөмийн зэвсгийн талаар тохиролцохыг зорьж байна. Тэр “Times”, “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.

“Тэд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан, тэгвэл бид Оростой ямар нэг сайн тохиролцоонд хүрч чадах уу гэдгийг бодоцгооё. Цөмийн зэвсгийг нэлээд хорогдуулах ёстой гэдгээс эхлэе хэмээн би бодож байна” гэж Трамп хэлжээ.

“Яг одоо Орос улс хориг арга хэмжээнээс болж их хохирч байгаа. Гэхдээ адилхан хожоотой байхын тулд ямар нэг зүйлийг олж харж болох юм хэмээн би үзэж байна” гэж тэр дурджээ.

“Хүмүүс шударгаар ажиллахын тулд тохиролцож, хийх ёстой зүйлээ хийх ёстой” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ Сирийн иргэний дайнд “хөндлөнгөөс оролцож”, улмаар “хүмүүнлэгийн аймшигт байдал” бий болголоо гэж Орос улсыг Трамп шүүмжилжээ. Энэ бол “маш муу зүйл” гэж тэр хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ