Ж.Батзандан АН-ын даргад нэр дэвших материалаа хүлээлгэж өглөө
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Ж.Батзандан өнөөдөр 13.20 цагт/2016.12.17/ Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшүүлж буйтай холбоотой холбогдох материалуудыг Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өглөө. Тэрбээр “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна" хэмээгээд сонгуульд шударгаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм. Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Намын даргын сонгуулийн ажилд тань амжилт хүсье. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулан ажиллах болно” гэлээ.
Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авах юм. Нэр дэвшихээ илэрхийлж, материалаа бүрдүүлж өгсөн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь энэ сарын 19-ний өдөр гардуулан өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ