Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн саналыг тусгана
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд анх батлагдсан байдаг. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг харгалзан, хотын дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс тус хуулийн төслийг илүү боловсронгуй, иргэдэд хүртээлтэй тэдний ашиг сонирхолд нийцүүлэн гаргахыг зорин хуулийн шинэчлэсэн найруулгын төслөөр иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “20 жилийн өмнө батлагдаж байсан хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага бий болоод байна. Анх хууль батлагдсан өдрийг өнөөдөртэй харьцуулахад зарчмын хувьд маш их ялгаа байгаа. Иргэдийнхээ эрх ашиг, сонирхолд нийцүүлэн шийдвэрлэхийн тулд өнөөдөр энэхүү уулзалтыг зохон байгуулж байна. Бид өнөөдөр энд хэлэлцэж санал авахаас гадна цаашид ч иргэдээс саналыг нь авах болно. Хотынхоо иргэдтэй ярилцаж тэдний санаа бодлыг сонсож байж Хууль эрх зүйн орчны шинэчлэл маань илүү үр дүнтэй болно” хэмээлээ.
Уг хууль хэрэгжсэнээр Улаанбаатар хот 1,5 сая хүн амтай дэлхийн 400 гаруй метрополис хотын нэгэн адил өөрийн тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төсөлд тусгаснаар юуны өмнө нийслэлийн удирдлагын хөгжлийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож байна. Түүнчлэн эдийн засаг, нийгмийн цогцолборын хувьд дүүргүүдийг сумтай, хороог багтай адилтган шийдвэр гаргаж ирсэн практик өөрчлөгдөхөөр байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ