Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 67.1 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Чуулганы хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа нар танилцуулав.
Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн сайд танилцуулсан.
Энэ хуулийн хүрээнд ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хэрэгцээт дэмжлэг туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгажээ.
Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давуу талтай болсон гэж Засгийн газар үзэж буй юм байна.
Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар нар ажлын хэсгийн хамт оролцсон юм. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцсэн билээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, С.Чинзориг, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, М.Билэгт, Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Н.Учрал, Г.Занданшатар, Н.Амарзаяа, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээл авах хугацаанд хязгаар тавих, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг шийдвэрлэх, мөн ахмадын хиймэл шүд, протез хийх зардлыг төрөөс даадаг хугацааг богиносгох, хөдөө орон нутагт амьдарч байгаа настнуудад нийтийн тээврийн хөнгөлөлт олгох, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрах чадваргүй ахмад настны асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг илүүтэй сонирхож байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, өчигдөрхөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаанаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 650 тэрбумыг арилжааны банкуудад 15 хувийн хүүтэй байршуулах талаар ярилцсан. Бидний хувьд тэтгэврийн зээлийг 1-6 сарын хугацаанд олгох, зургаан сарын дараа үргэлжлүүлэн зээл олгоход хязгаар тавих асуудлыг ярилцаж байгаа. Тэтгэврийн зээлийн 18 хувийн хүүг 15, 12, 9 гээд үе шаттайгаар бууруулахаар чиглэл өгөн ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд тэтгэврийн асуудалд нэгдсэн аян зохион байгуулна. Учир нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авдаг, тогтоосон хэмжээнээс бага тэтгэвэр олгож байгаа нийгмийн даатгалын байцаагчидтай холбоотой хууль бус ажиллагаанд хяналт шалгалт хийх юм. Энэ нэгдсэн аяныг Хууль зүй, дотоод хэргийн яам, хүчний байгууллагатай хамтран хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Үүний дараа ижил хугацаанд, адилхан нөхцөл байдалд ажил хийсэн ч тэтгэвэр нь зөрүүтэй байдаг ахмадуудын асуудлыг судлан шийдвэрлэнэ. Түүнчлэн нийт ахмадуудын 67.5 хувь нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байдаг нь судлагаагаар тогтоогдсон. 2005 онд батлагдсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль нь нийгмийн халамжид чиглэсэн байлаа. Шинэчилсэн найруулга хийх болсон гол шалтгаан нь ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал байв. Энэ харилцааг зохицуулахаар тусгайд нь есдүгээр зүйл болгон оруулж байгаа. Мөн энэхүү хуулийн төсөлд аймаг, нийслэл харгалзалгүй ахмад настнууд таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих заалтыг оруулсан. Харин таван жилд нэг удаа ахмад настнуудыг хиймэл шүд, протез хийх төлбөрийг төрөөс даадаг хугацааг богиносгох шаардлагагүй гэж үзэж байна. Чанартай сайн байгууллагаар хиймэл шүд, протезоо хийлгэвэл асуудал үүсэхгүй гэж бодож байна. Улсын хэмжээнд бие даан амьдрах чадваргүй ахмад настан 7000 байгаа. Гэвч улсын хэмжээнд ахмадын асрамжийн газар 9 байдаг бөгөөд нийт орны тоо нь 243. Энэ асуудалд УИХ-ын гишүүдээсээ дэмжлэг хүсмээр байна. Ирэх онд хэлэлцэгдэх нийгмийн халамжийн тухай хуульд энэ асуудлыг шийдвэрлэх томоохон зохицуулалт шаардлагатай байна гэж хариулж байлаа.
Ингээд Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэн юм. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ