Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан, хэлэлцээд энэ заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн 12 дугаар дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж тогтоол баталсан юм.
Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах үүрэг хүлээдэг зохицуулалтын дагуу Шүугчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "... нэг удаа ..." гэснийг хасах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгны хорооноос боловсруулжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь дэмжсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ