Паркийн тоглоом хүний аминд хүрэх шахав

Монгол Улс Үндэсний соёл амралтын хүрээлэнгүй. Учир нь ганц байдаг олны нэрлэж заншсанаар хүүхдийн парк буюу Соёл амралтын хүрээлэн нэгэн компанийн мөнгө олох булай хэрэгсэл болоод уджээ.

Газрыг нь баар ресторан, буудлын зориулалтаар хэсэгчлэн зараад ч ханалгүй өчүүхэн бага газарт нь ардын хүүхэд тоглож чадахгүй тэнгэрт тулсан үнэтэй шавааралдуулж барьсан цөөн хэдэн тоглоомоор ашиг хонжоо хайдаг.

Нийгмийн бухимдлаас холдож хүүхэд багачуудаа салхилуулан наадуулж аз жаргал амсдаг тэр газар одоо таны хүүхдийн аминд хүрч болзошгүй болжээ. Өчигдөр ҮСАХ-гийн нэгэн тоглоомд гинж нь тасарч эвдрэл гарсны улмаас хүний амь эрсдэхээ ч дөхөж.

Маш хурдтай агаарт хөөрөн эргэлддэг тэр тоглоомыг та лавтай харж байсан биз. Ёстой л гадаадын аймшгийн кинонд гардаг шиг аваар гарахаа шахаж азаар хэн нэгэн гэмтэж бэртсэнгүй. Паркийн ажилтнууд энэ үед яаж ч чадахгүй хараад л зогсож байсан гэх.

Өнөөдөр энэ тухай сурвалжлахаар очсон сэтгүүлчдэд тус газрынхан ичих ч үгүй тийм явдал болоогүй гэх маягийн юм ярьж байлаа. Харин гэмтэл гарсан тоглоомыг засварчид гагнан засаж байхтай сэтгүүлчид таарсан.

Аюулгүй байдал, хамгааллын асуудлыг дээд цэгт нь тултал шалгадаг галзуу хулгана хэмээх тоглоом удахгүй нээлтээ хийнэ. Жижиг тоглоомнуудаа ч аюулгүй байдлыг нь хангачихаж чадахгүй байгаа паркынхан яаж тэр галзуу хулгана дээр бяцхан үрсийг маань суулгах бол. Онигоо хүртэл гарсан гэх. Паркийн галзуу хулганыг ашиглалтад ормогц эхний ээлжинд Бодийн удирдлагууд болон өнөөх 76-г суулгаж турших хэрэгтэй гэж. Тэд ч энэ яваа насандаа суухгүй л дээ.

Ер нь эцэг эхчүүд хүүхдээ паркийн тоглоом дээр тоглуулж байх бүхий л хугацаандаа сэтгэлдээ түгшүүртэй тэмцэлдэж зогсох болох нь. Хүүхдийн инээд, хөгжил хөөр хургасан газрыг мөнгөний шунал бугшсан газар болгох ч гэж дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ