СЗХ-ны гишүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигч О.Батбилэг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувийн, орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Б.Баярдаваа 86.5, Б.Батхишиг 84.6 хувийн саналаар дэмжигдэв. Мөн нэр дэвшигч Л.Энхтайваныг тус хорооны орон тооны бус гишүүнээр улираан томилохыг гишүүдийн 88.5 хувь нь дэмжин баталлаа.

Байнгын хороодын санал, дүгнэлт, танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эдийн засаг сайнгүй, төгрөгийн ханш тогтворгүй байгаа ийм үед санхүү, эдийн засгийн байгууллагууд ажлаа уялдуулж хамтарч ажиллах, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шуурхай ажиллах шаардлагатай, УИХ-ын гишүүн Н.Оюундарь үнэт цаасны зах зээлд бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэхэд анхаарах, хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Б.Жавхлан нар эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр чиглэлээ яаралтай гаргаж бүтээлч, санаачлагатай, хурдтай ажиллах, хөрөнгийн зах зээлийг тэлэхэд анхаарах, цаашдаа Санхүүгийн зохицуулах хороо нь бодлогын байгууллага болж ажиллах шаардлагатай гэдгийг хэллээ.

Мөн хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс Х.Бум-Эрдэнэ, Д.Ганбаяр, Д.Ганбат нарыг чөлөөлөхийг гишүүдийн 78.8 хувь нь дэмжлээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ