11-р сарын 26-ныг баярын өдөр болгон тэмдэглэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 83.7 хувийн саналаар төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Уг хууль батлагдсанаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар болж байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан юм.
1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон билээ. Тиймээс жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэдэг байв. Одоогоос 25 жилийн өмнө буюу 1990 онд УИХ хоёр өдрийн турш хэлэлцэж байж "Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт өдрийг баяр болгох нь зүйтэй" гэсэн шийдвэр гаргасан. Харин 2012 оноос УИХ Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энгийн ажлын өдөр болгосон юм.
Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь буюу өнөөдрөөс дагаж мөрдөнө.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ