Ж.Батзандан АН-ын дарга болвол Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана
УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын ҮЗХ-ны хуралдааны шийдвэр болон намын даргын асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэрээр “Үндэсний зөвлөлдөх хорооноос үндсэн дүрэм, үзэл санаагаа боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. Ардчилсан намд эрс өөрчлөлт хийж шинэчилнэ. Фашист, коммунист арга барилаас нь салгахын тулд дүрэм болон үзэл санааны шинэчлэлийг хийх болно. Ардчилсан нам сүүлийн он жилүүдэд жирийн гишүүдээсээ хөндийрч барьцаалагдсан, бүлэглэлийн гарт орсон. Тийм учраас бүлэглэлийн савраас нь салгана.
Ирэх сарын 6-ны өдөр Ардчилсан нам Их хурлаа хуралдуулж Үндэсний зөвлөлдөх хороогоо тарааж шинэ дүрмээ батална. Ингэснээр авлигалд идэгдэж хулгайн бүлэглэлийн гарт орсон хуучин Ардчилсан намыг ирэх сард тараах нөхцөл бүрдэх юм. Ардчилсан намын дүрэмд олон чухал өөрчлөлт орно. Тухайлбал, бүх шатны намын дарга нарыг Үндэсний зөвлөлдөх хороо сонгодог байсныг болиулж нийт гишүүдийн дэмжлэгээр сонгох хэлбэрт шилжинэ. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хэт хэвтээ тогтолцоотой байсан.
Ардчилсан намын бүх шатны даргыг гишүүд дэмжигчдээс сонгодог тогтолцоо руу шилжиж, шинээр бий болох АН-ын даргын сонгуульд АН-ын бүлгийн хамгийн залуу гишүүний хувьд, энэ намаас хамгийн их саналаар хоёр удаа сонгогдсон гишүүний хувьд бодит ардчилалыг бий болгох, шударга ардчилалыг бий болгохын төлөө, АН-ыг зөв замд оруулахын төлөө миний бие өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би шинэ Ардчилсан намыг удирдаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Мөн Залуучуудын гаргасан санаачлагыг хүлээн авч Ж.Батзандан миний бие өнөөдрөөс эхлээд ямар ч фракц бүлэглэлд хамаарахгүй, цоо шинэ улс төрийн соёлоор явна гэдгээ зарлаж байна. Энд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, "Арчиллын төлөө" үндэсний хэлэлцүүлгээ дахин эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Ж.Батзандан АН-ын даргаар сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээр Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана” гэж мэдэгдлээ.
Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Та намынхаа гишүүдээс дэмжлэг авч чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-Ардчилсан намын фракциуд татан буугдах процесс эхэлж байна. Намын залуус маань фракц, бүлэглэлийг татан буулгах саналтай байгаа. Хоёр өдрийн өмнө болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр миний бие аль ч фракцид хамааралгүй гэдгээ албан ёсоор зарласан. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг фракцид харъяалалгүй хүн гэж ойлгох хэрэгтэй. Бүлэглэлгүй улс төрч гэж ойлгох хэрэгтэй. Шинэ үеийн шинэ улс төрийг хийх улс төрч гэж ойлгох хэрэгтэй болов уу.
-Намын дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт фракцийн гишүүдээс олонхи болж орсон бол шинэчлэл хийгдэж чадах уу? Ер нь шинэчлэл хийхийг зорьж яваа залуучуудын төлөөллөөс хэр олон хүн орсон бэ?
-Үндсэн дүрмийг өөрчлөх ажлын хэсэг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгаа. АН-д нэг шинэ уур амьсгал бий болж байгаа. Аль болох фракцлахгүй байя, хуучин байсан фракцуудаасаа бүгд татгалзъя, АН-ыг үндсээр нь өөрчилье гэдэг дээр намын гишүүдийн олонхи нэгдэж байгаа. Тэгэхээр АН-ын үндсэн дүрмийн шинэчлэл, ирэх сард болох Их хурал том өөрчлөлтийг авчирсан, хувьсгалын шинжтэй өөрчлөлтийг хийсэн, Монголын ардчилал болон АН-ыг аварсан өөрчлөлт болж чадна гэдэгт би итгэлтэй байгаа.
Ер нь эмэгтэйчүүдийн, залуучуудын, дунд үеийн, ахмадуудын төлөөллийг аль болох тэнцвэртэй оруулах бодлогыг барьсан.
-Та Р.Амаржаргалыг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж ажиллана гэлээ. Яагаад Р.Амаржаргалыг сонгож байна вэ?
-12 дугаар сарын 06-ны дараа цоо шинэ АН бий болно. Одоо байгаа фракц төвтэй, бүлэглэлд бурантаглуулсан АН-ын нөхөдийн дараагийн ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн асуудлаас болоод намын шинэчлэл хойшлогдож, гацаанд орж байна. Хамгийн өндөр нэр хүндтэй, бүлэглэлийн барьцаанд ороогүй, шударга, хариуцлагатай хүнээ АН ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ёстой. Өнөөдөр бүх социалогийн судалгаагаар АН дотроо хамгийн нэр хүндтэй, ерөнхийлөгчид нэр дэвших болзлыг хангасан хүн бол Ренчиннямын Амаржаргал байгаа.
-Та Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн судалгааны ажлын хэсэгт байгаа. Энэ ажлын хэсэг яаж ажиллаж байна вэ? Тус үйлдвэрийн захирлыг хурдан томилох ёстой гэж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрдэнэтийн 49 хувь, Асгатын мөнгөний ордын 49 хувьтай холбоотой шалгалтын ажлын хэсэг Засгийн газар дээр гарсан. Тодорхой дүгнэлт гарсан. Үүний дагуу тодорхой ажиллагаанууд хийгдсэн байгаа. УИХ-ын гишүүний хувьд шахаж шаардсаны дагуу УИХ дээр, байнгын хороон дээр 7 гишүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ сарын 30-нд дүгнэлтээ гаргана. Хуулийн зөрчлүүд байгаа. Тэдгээрийг яаж арилгах, Эрдэнэттэй холбоотой луйврыг яаж засаж залруулах, иргэдийн зөрчигдсөн эрхийг яаж сэргээх вэ гэдэг асуудлаар маш тодорхой дүгнэлтээ гаргана. Эрдэнэтийн захирлыг томилох эрх нь УИХ-д бус Засгийн газарт байгаа.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ