Хууль, тогтоолын төслүүдийг санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2016.11.17/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын есөн гишүүн 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нар тус тус танилцуулав.

Монгол түмэн 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт Бүгд Найрамдах улсаа тунхагласан. Дэлхийд данстай бүх улс дотоодын хэм хэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тийм ч учраас хүн төрөлхтний нийтлэг чиг хандлагыг даган Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийг байсан 2012 оноос өмнөх уламжлалыг сэргээх нь зүйтэй хэмээн хууль санаачлагчид үзсэн байна. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, О.Баасанхүү, Д.Сарангэрэл нар асуулт тавьж хариулт авав. Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар түүхт энэ өдрийг тэмдэглэх өнгөрүүлэхийн зэрэгцээ уламжлал, төрт ёсоо дээдэлсэн шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэдэг санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг тэмдэглэхтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэгчид, иргэдээс гаргасан цалинтай холбоотой саналыг хуулийн төсөл санаачлагчид дуулгасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан иргэд ажил хөдөлмөр эрхлэх, орлоготой байх аргыг эрэлхийлж байхад нийтээр тэмдэглэх баярын өдрийг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 82.0 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн тулуг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Улсын Их Хурлын тогтоолуудыг баталлааДараа нь “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонх уг тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 81.6 хувь нь дэмжин баталлаа. Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монголбанк 2016 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлэцсийн хэлэлцүүлгийг эхэлж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

Эдийн засгийн байнгын хороо дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусгасан байна. Тухайлбал,-Тогтоолын төслийн 3 дахь заалтад “эдийн засгийн идэвхжлийг дэмжих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилноор дотоодын банкны тогтолцоог хамгаалах, гадаадын банк, түүний салбар, нэгж болон бусад төрөлжсөн банкны үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” гэсэн дэд заалт, мөн “орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгон хөгжүүлэх, ипотекийн зээлийн хөтөлбөрийг макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан урт хугацаанд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасугай” гэсэн 6 дахь дэд заалтыг тус тус нэмж тусгасан байна. -Тогтоолын төслийн 2 дахь заалтыг “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, банкны тогтолцооны эрсдэл даах чадварыг сайжруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанкинд үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулах саналыг тусгасан байна.-Тогтоолын төслийн 3.3 дахь дэд заалтыг “санхүүгийн зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, шударга өрсөлдөөнийг дэмжих, ил тод байдлыг сайжруулах зорилгоор банкнаас бусад оролцогчийн үйл ажиллагаа, суурийг тэлж төрөлжүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг шинэчлэх” гэж өөрчлөн найруулах саналыг тусгажээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Пүрэвдорж нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан, санал хэлсэн юм. Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтад оролцсон гишүүдийн 92.0 хувь нь дэмжсэн юм. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэвҮргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу Байнгын хороодоос тус үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд ирүүлсэн санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, тэдгээрээс гаргасанзарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураан шийдвэрлсэн болохоо мэдэгдэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, шийдэгдсэн зарим асуудлыг эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дахин тусгаж байгаагийн учрыг тодрууллаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан улсын төсөвт тусгагдсан учир “Насны хишиг”, Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх асуудлуудыг үндсэн чиглэлд тусгасан болохыг дэлгэрэнгүй тайлбарлав.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын 30 томьёоллоор санал хурааж шийдвэрлээд, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.Хууль, тогтоолын төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээХуралдаанаар үргэлжлүүлэн “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд нь Улсын Их Хуралд эцсийн найруулгыг танилцуулж, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй учир хуулиудыг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг Байнгын хорооноос дэмжсэн болохыг мэдэгдэв.

Танилцуулгатай холбогдуулан хэлсэн саналдаа Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, хог хаягдалтай холбоотой дэвшилтэт олон зохицуулалтыг тусгасан энэхүү хуулийн төслийг Засгийн газраас ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэдгийг онцолж хэллээ. Ийнхүү байнгын хорооны саналаар дээрх хуулиудыг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувийн саналаар баталж, эцсийн найруулгыг сонслоо. Үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тус тус танилцуулсан юм.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар сүүлийн үед дэлхий дахины аюулгүй байдлын орчин, Монгол Улсын гадаад бодлогын орчинд шинэ нөхцөл байдал өөрчлөлт гарч байгаатай холбогдуулан энэ асуудлыг нарийвчлан судлах, шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг тусган дахин боловсруулах шаардлагатай байгаа учир төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал тус тус гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн М.Оюундарь илэрхийлсэн бөгөөд энэ асуудлыг маш сайн судалгаа хийсний үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Ийнхүү санал хураалт явуулахад энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дээрх хууль, тогтоолын төслүүдийг хуулийн төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд танилцуулав.

Хууль зүйн байнгын хороо 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулалтын шаардлага хангаагүй, хэрэгжих боломжгүй, шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай хэмээн үзэж Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасны дагуу хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга хийгээгүй бөгөөд санал хураалт явуулан шийдвэрлэхэд хуралдаанд оролцогчдын 70.5 хувь нь хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах зүйтэй хэмээн үзсэн юм. Ийнхүү батлагдсан Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулснаар энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ