Хууль тогтоолын төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.11.17/ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж буй Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш 13 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Цаашид улсын хилийн аюулгүй байдлыг хангах, хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомт, түүнд мөрдөх журмын зохицуулалтыг боловсронгуй болгох, хилийн нөхцөл байдал, байгаль орчин, цаг агаар, физик, газар зүйн онцлогт тохируулан улсын хил хамгаалалтыг бүсчилэн зохион байгуулах, хилийн аюулгүй байдлыг хангах төрийн байгууллагын тогтолцоо, хилчдийн эрх зүйн байдал, улсын хил хамгаалалтад иргэн, байгуулагын оролцоог шинэчлэн тодорхойлох, хуульд хэрэглэсэн нэр томъёог олон улсын эрх зүйн зарчим, Монгол Улсын Их Хурлаас 2010 онд баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-тай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлагазүй ёсоор гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хилийн боомтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулиудын төслийг боловсруулжээ.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд 260 хууль, УИХ-ын 16 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсанаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болох юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ